“Дархан авто вокзал” 24 цагийн турш зорчигчдод үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-06-15 14:05:28
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймаг орон нутгийн удирдлага, иргэдийн хүсэлтийн дагуу Дархан авто буудлын үйлчилгээний хугацааг уртасгасан цагаар ажиллуулахаар болж Мягмар гарагаас эхлэж 24 цагаар үйлчлэхээр нээлтээ хийлээ.
“Монгол улсын Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 4-р сарын 13-ны өдрийн 70 дугаар тушаалыг үндэслэж 2011 онд ашиглалтад орсон тус авто тээврийн газар нь зургаан жилийн дараа 24-н цагаар үйл ажиллагаагаа өргөжүүлж техникийн саатал цаг агаарын хүндрэлтэй нөхцөл бий болсон тохиолдолд тээвэрчид зорчигчдын тав тухтай байдлыг хангахаар боллоо.
Шөнийн зорчигч тээврийн үйлчилгээг баталгаатай тээврийн хэрэгсэл, мэргэшсэн тээвэрлэгч жолооч нараар гүйцэтгүүлснээр хот хоорондын зам тээврийг осол гэмтлийн зөрчил багасч үйлчилгээ баталгаатай болох давуу талтай” гэж аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд онцлов. Тэрбээр: “Нийтийн тээврийн автобусны цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй харин такси, суудлын тэргэний цагийн хуваарьт өөрчлөлт орж 24 цагаар үйлчилгээ үзүүлэх юм” гэв.
Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шаардлага хангахуйц зорчигч үйлчилгээний төв буюу “Дархан авто буудал”-ыг Дархан хотын 50 жилийн ойн хүрээнд 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр барьж барилга байгууламжийг нь 2011 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан. Тус авто буудал нь жилд 800 мянга гаруй зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай. 2015 оноос онлайн бүртгэл тийз бичилтийн программ хангамжийн системийг нэвтрүүлж мобинэтийн шилэн интернэтийн хэрэглээг ашиглаж байна.
                                                                                                                                                      Б.Норовсамбуу
 
 
Related news