Венесуэль болон Хятад улс нефть олборлолтыг нэмэгдүүлэхэд 2,8 тэрбум долларын хөрөнгө оруулахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-13 15:02:20
МЕХИКО./TASS/. Венесуэль, Хятад хоёр хамтран олборлож буй газрын тосны хэмжээгээ хоногт 325 мянган баррельд хүргэн нэмэгдүүлэхийн тулд 2,8 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцжээ.

Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд Бээжинд болсон Хятад-Венесуэлийн өндөр түвшний хамтарсан комиссын хуралдааны үеэр гарын үсэг зуржээ. Энэ тухай VTV телевиз мэдээллээ.

Венесуэлийн төлөвлөлтийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Рикардо Менендесийн ярьснаар, уг төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар “Petrosinovensa” хамтарсан үйлдвэрийн Ориноко голын сав газарт олборлож буй нефтийн хэмжээг хоногт 320 000 торх хүртэл нэмэгдүүлэх боломжтой байгаа аж. Үүнээс гадна, өөр нэгэн хамтарсан үйлдвэр болох “Petrozumano” компани нь олборлолтынхоо хэмжээг хоногт 15 мянган баррелиар нэмэгдүүлэх юм.

Мөн Хятад болон Венесуэль улс Сукре мужийн "Арайя" тэнгисийн боомтын дэд бүтцийг хөгжүүлэхэд 1,45 тэрбум долларын хөрөнгө оруулахаар тохирсон гэж Р.Менендес хэлжээ. Энэ дэд бүтцийг ашиглан их багтаамжийн ачааны хөлөг онгоцоор газрын тосыг олон улсын зах зээлд, тухайлбал Азийн зах зээлд хүргэх юм. 
О.Барс 

 

 

 




Related news