“Хүүхэд гэр бүлдээ” жаргалтай уриан дор хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-02 20:09:32
Хэнтий /МОНЦАМЭ/ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Хэнтий аймаг  “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай”  уриан дор  тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ өдөр Чингис хотын төв талбайд Эрүүл мэндийн газар “Эрүүл амьдрах дадал хэвшил” өртөө, Онцгой байдлын газар “Аврагч хүү” өртөө, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар “Жаргалын хотхон” өртөө, ХААН банк “Хүүхэд Хаан” өртөө, Төрийн банк  “Алтанхүү” өртөө, Хасбанк “Хасхүү” өртөө, ДЗМОУБ-ын Бор-Өндөр 2 ОНХХ, “ХҮСЛЭН ХОУЗ”-ийн хамтарсан “Мянган Зайрмагны өртөө”, Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Би гэр бүлдээ жаргалтай” гэсэн 8 өртөө ажиллаж, хүүхэд багачуудад зориулсан үйлчилгээг үзүүлсэн юм.

Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн шилдэг хүүхдүүдийн баярын парад, 100 бүжигчин хүүхдийн мэндчилгээ, 200 хүүхдийн флаш моб, морин хуурч хүүхдүүдийн мэндчилгээ, баярын нэгдсэн тоглолт зэрэг арга хэмжээнүүд болж, тус үйл ажиллагаанд нийт 700 орчим хүүхэд багачууд оролцлоо. Баярын арга хэмжээний хүрээнд 5 дугаар сарын 30-ны өдөр “Хөгжлийн төв Хэнтий” ТББ-аас зорилтот бүлгийн хүүхдүүдэд халамжийн үйлчилгээ, ААШ “Нисэх загварын уралдаан”, “Хүүхдээ сонсоё уулзалт” зэрэг арга хэмжээг тус тус зохион байгуулсан аж. Баярын үйл ажиллагааны зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хэрлэн сумын ЗДТГ, хамтран зохион байгуулагчаар  аймгийн Цагдаагийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Музей, Нийтийн номын сан, ХААН банк, Хас банк, Төрийн банк, ДЗМОУБ-ын Бор-Өндөр 2 ОНХХ,  Гэрэл зургийн “S” studiо,  “Хөгжлийн төв Хэнтий” төрийн бус байгууллагууд ажиллажээ.
Сонирхуулахад, иргэдийн дунд хүүхдийн баярыг эх үрсийн баяр болгон тэмдэглэх хандлага түгээмэл байдаг ч энэ хандлага хэдий үеэс эхтэй гэдгийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл 1995 оноос энэ өдрийг Эх үрсийн баяр болгон өөрчилсөнтэй холбоотой бөгөөд зарим нэг шалтгааны улмаас 2003 онд эргүүлэн Хүүхдийн баяр болгон өөрчилжээ.
Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт анх 1925 онд Женевт зохион байгуулагдсанаар 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгох уриалга гаргасан гэдэг. Улмаар 1951 онд Олон улсын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.
Д.Одонтунгалаг
 
Related news