"Уран үйлчид" уралдааны дүнд хөнгөн үйлдвэрийн салбарын нэгдсэн судалгаатай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-29 07:47:14
Дархан-Уул /МОНЦАМЭ/ “Уран үйлчин анхдугаар уралдаан-2017” уралдаан Дархан-Уул аймагт болж тус аймгийн гучаад оёдолчин оролцов. Уралдааныг нээлтэд тус аймгийн ХХААГ-ын дарга н.Чимэдцэрэн, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн Бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Энхбаяр нар оролцлоо. Уг уралдааныг Улаанбааатар хот дахь “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас эрхлэн зохион байгуулсан юм.

Уралдааны дүн гарахын өмнө тус ТББ- ын тэргүүн Г.Майцэцэгтэй ярилцлаа: “Энэхүү уралдааныг манайх 21 аймаг бүрт очиж зохион байгуулж байна. Бид сүүлийн үед үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж их ярьдаг. Энэ нь үнэхээр хөнгөн үйлдвэрийн салбарт хэчнээн хүн ажиллаж байна вэ?, өрхийн үйлдвэрлэлд хэдэн хүн тухайн аймаг орон нутагт ажиллаж байна, тэдгээр хүмүүс ямар ямар тоног төхөөрөмж ашигладаг чадвар чадамж нь ямар байна гэсэн нэгдсэн том судалгаа гарч байгаа. Хоёр дахь том зорилго нь сүүлийн 20 гаруй жил хийж бүтээж хөдөлмөрлөдөг хүмүүсээ төр засаг үнэлэхдээ тааруухан болсон. Өмнө нь манай хөнгөн үйлдвэрийн салбараас хөдөлмөрийн баатрууд төрдөг байсан бол өнөө цагт оёдолчид маань яг харх шиг байшингийн орц хонгилд ороод сууцгаачихсан. Гадуурхагдсан гэж хэлэх хаашаа шоовдорлогдсон юм шиг болчихжээ. Хэчнээн гоё сайхан үйл урлаж байгаа хүмүүсийн алдар гавьяаг ярдаг хэлдэг алдаршуулдаг хүн үгүй болчихож. Тэдний оёж хийсэн хувцасаар нь гоёдог боловч хэн хийсэн бэ?, хэний хийц вэ гэж огт ярьдаггүй. Тиймээс бүх юмны ард байдаг их сайхан гарын уртай хүмүүсээ бид тодруулахыг хүсч байна. Гурав дахь том зорилго нь Монгол Улс маань үнэндээ хэрэглэгч улс орон болчихоод байна. Бидэнд ямар том зах зээл байна вэ? Бидний гол өрсөлдөгч нь гаднаас ирж байгаа импортын бараа бүтээгдэгдэхүүн ялангуяа татваргүй чанар муутай бараанууд байна. Тиймээс бид үнээрээ чанараараа өрсөлдөх ёстой болж байна. Ингэхийн тулд аймаг орон нутаг болгон тэр дундаа энд ажиллаж байгаа хүн бүхэн бие биенээ таньдаг, хамтарч ажилладаг байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр талын нэг тарчихсан нөхцөлд ганц нэгээрээ өндөр бүтээмжтэй ажиллаж чадахгүй нь мэдээж болохоор нэгдсэн зохион байгуулалт орох ёстой. Уралдааны зорилго бол ердөө энэ. Нийт шагналын сан маань 100 гаруй сая төгрөг. Сүүлийн 20 гаруй жилд янз бүрийн уралдаанууд их болдог. Тэр болгонд хүмүүс ач холбогдол өгөх нь багассан. Яагаад гэвэл өчнөөн мөнгө төгрөг зарчихаад чимээгүй болчихдог. Харин манайх энэ уралдааныг явуулахдаа оролцож байгаа хүмүүстээ аль болох дарамт болохгүйгээр бие биенээ дэмжихэд чиглэгдэж байна. Эхний шатанд оролцож байгаа хүмүүст юм оёх материалыг нь эндээс олгоод шалгаруулатын дараа оролцогцод уг бүтээлээ өөрсдөө авдаг учраас тэдэнд эдийн засгийн хувьд ямар нэгэн дарамт учрахгүй. Харин ч аймгийн тэргүүний үйлчин гэсэн цол өргөмжлөл авч байгаа. Энэ уралдааныг өмнө нь Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Өвөрхангай зэрэг аймагт зохион байгуулаад Дарханд өнөөдөр болж байна” гэлээ.
Уралдааны дүн гарахад эхний гурван байр эзэлсэн гурван оёдолчин “Аймгийн тэргүүний үйлчин” цол өргөмжлөл, 500, 300, 100 мянган төгрөг болон тус бүр оёдлын машинаар шагнууллаа. Дараагийн уралдаан ирэх зургадугаар сард Баянхонгор аймагт болох аж.
                                                                                                                                                      Б.Норовсамбуу

 
Related news