Олон улсын музейн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-20 20:11:21
Хэнтий /МОНЦАМЭ/ Олон Улсын Музейн Зөвлөлөөс  санаачлан жил  бүрийн  5 дугаар сарын 18 -ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Музейн өдрийг угтаж, мөн энэ өдрүүдэд дэлхийн музейнүүд тодорхой сэдвийн дор олон нийтэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. Энэ жил “Музей ба ээдрээтэй түүх: нээлттэй  ярилцъя” хэмээх өргөн утга агуулгатай сэдвийн хүрээнд Хэнтий аймгийн музей олон нийтийг хамарсан  үйл ажиллагаануудыг бүх насныхныг хамруулж зохион байгуулжээ.

Тодруулбал, “Түүхт Хан Хэнтий” эссэ бичлэгийн уралдааныг төрийн албан хаагчдын дунд,  Чингис хоттой танилцах тайлбарт аялалыг ЕБС-ийн сурагчдад, “Их Эзэн Чингис хааны өлгий нутгийн бахархал” сэдэвт лекцийг ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдад хүргэж, “Бидний бүтээл” музейн боловсролын ажилд цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулжээ. Үүнээс гадна “Музейн үнэ цэнэ” нээлттэй ярилцлага, Түүх, танин мэдэхүйн асуулт хариултын шууд нэвтрүүлгийг тус тус зохион байгуулсан аж.

Олон улсын музейн өдрийн хүрээнд зохион байгуулсан өөр нэгэн ажил нь бүх нийтийн соёлын өвийн мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий “Музей үзэх өдөр” нэгдсэн арга хэмжээ байлаа. Тус арга хэмжээг музейн захирал Н.Нямсүрэн нээн үг хэлж, аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун мэндчилгээ дэвшүүлж, музейн өдрийг угтан зохион байгуулсан уралдаан тэмцээнүүдийн ялагчдыг шагнаж урамшуулав.

Музейн өдрийг Дадал, Баянхутаг, Баянмөнх, Биндэр, Батширээт сумын Соёлын төвүүд өөрийн сумандаа зохион байгуулжээ. 

Хэнтий аймгийн музей нь 1949 онд орон нутгийг судлах кабинет нэртэйгээр байгуулагдсан. 1982 онд Халхын Сэцэн ханы зуны ордноос үлдсэн 5 барилгыг сэргээн засварлан угсаатны зүйн музей болгон өргөжүүлснээр одоо Сэцэн ханы ордон музей, Орон нутаг судлах музей гэсэн 2 салбар музейтэйгээр үйл ажиллагаа явуулж, олон нийтэд үйлчилж байна.

Хэнтий аймгийн Сэцэн ханы ордон музей, Орон нутаг судлах музей нь нийтдээ шашны зан үйлийн, угсаатны зүйн, сэцэн ханы, ардын тоглоом наадгайн, түүхийн, байгалийн, алдартнуудын, ардчиллын, уран зургийн гэсэн үзүүллэгийн 10 танхимтай. Музейн сан хөмрөгт Хэнтий аймгийн түүх, шашин, угсаа нийтлэгийн онцлогийг харуулсан 2000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагддаг.

Сэцэн ханы ордон музей нь Халхын угсаа залгамжилсан Сэцэн хануудын зуны ордонд байрладаг. Тус музейн цуглуулгад угсаа залгамжилсан Сэцэн хануудын эдэлж хэрэглэж байсан үнэт ховор эд зүйлс, Халх даяар алдартай хурдан хүлгүүдийг бий болгосон Хардэл жанжин бэйс, хүлэг шинжээч, өвгөн ноён Минжүүрдоржийн Пүрэвжавын хэрэглэж байсан эд зүйлс, түүний хялгасан бийрээр зурж үлдээсэн хурдан хүлгийн зурагнууд, ХХ зууны алдарт уран дархан Тожил хийцийн эд зүйлс, тус аймагт олноороо суурьшдаг Халх, Буриад, Хамниган угсаа нийтлэгүүдийн ахуй соёлыг харуулсан угсаатны зүйн үзмэрүүд, шашны эд зүйлс, үнэт ховор судар ном, бурхан шүтээнүүд хадгалагддаг.

Орон нутгийг судлах музейн үзмэр бүтээл нь аймгийн түүх соёлын дурсгалт газрын зураг, уран зураачдын бүтээл, аймгийн үзэсгэлэн төгс байгалийн олдвор ан амьтан, жигүүртэн шувууд, ашигт малтмалын дээжис, Хэнтий нутгаас төрөн гарсан алдартнуудын намтар түүхийг харуулан дэглэгдсэнээрээ онцлогтой.  
 Д.Одонтунгалаг
Related news