Хэнтий аймаг дахь цагдаагийн газар агаарын эргүүл хийх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-20 11:52:46
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт зохион байгуулагдсан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд талуудын оролцоог нэмэгдүүлэх нь" зөвлөлгөөний үеэр тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт сүүлийн үеийн нисдэг дрон дагалдах хэрэгслийн хамт гардуулан өгчээ. 

Мөн иргэд олон нийтэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлийн явц байдлыг мэдээлэх зорилгоор телевизийн нэвтрүүлэг бэлдэх боломжтой "OSMO" маркийн гар дээрээс бичих техник хэрэгсэл, дэлгэцэнд ашиглах iphone6 plus маркийн утас зэргийг хүлээлгэн өгсөн байна. 

Ингэснээр гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргах, технологийн дэвшлийг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ашиглах боломж бүрдэж байгаа хэмээн удирдлагууд үзэж байгаа юм. 

Энэхүү тоног төхөөрөмжийг ашигласнаар Цагдаагийн байгууллага агаарын эргүүл шалгалт хийж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, баримтжуулах ажлыг газар дээрээс нь нэвтрүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх шторк нэвтрүүлэг бэлтгэх боломжтой болж байгаа аж. 
 Д.Одонтунгалаг
Related news