Алслагдсан хорооллын авто замын шинэчлэл үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-12 10:04:34
Дархан-Уул / МОНЦАМЭ / Тус аймгийн Дархан сумын 1-3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гээс Хараа голын гүүр хүртэлх 1.3 км авто замын хатуу хучилтын ажил үргэлжилж байна. Тус авто замын ажлын гүйцэтгэлийн явцтай аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид болон аймгийн Хөрөнгө Оруулалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Захирагчийн албаны удирдлага, мэргэжилтнүүд газар дээр нь танилцав.
Нийт 1.3 км асфальтан хучилттай замын ажлыг 780 сая төгрөгийн төсөвт өртөгөөр “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК гүйцэтгэж байна. Аймгийн Ерөнхий эдийн засагч Б.Батсүх: “Ажлын явц өнөөгийн байдлаар 60 орчим хувьтай үргэлжилж байна. Гүйцэтгэгч тал гэрээний дагуу ирэх зургадугаар сарын 10-нд ашиглалтад оруулах юм. Авто замд хоёр ус зайлуулах хоолойг мөн 160 сая төгрөгийн өртөгөөр шинээр байгуулж байна. Мөн гуравдугаар багийн төв авто замаас төмөр замын гарам хүртэлх 2.7 км авто замын шинэчлэлийн ажлын эхний хэсэг болох 900 м авто замын хатуу хучилтын ажил өнөөдөр еснөөс эхэллээ. Тус авто замын ажлыг 432 сая төгрөгийн өртөгтэйгөөр “Огторгуйн бүтээл” ХХК гүйцэтгэхээр тендерт шалгарсан. Дээрх авто зам нь 20 жилийн өмнө тавигдсан ч өнгөрсөн хугацаанд хэсэгчилж засч ирсэн. Энэ жил төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан суманд авто замын таван төсөл хэрэгжиж байгаа. Эдгээрээс тус сумын 1, 2, 3 дугаар багт нийт гурван төсөл хэрэгжиж байгаагаас дээрх хоёр авто замын төслийн ажил ид өрнөж байгаа бол үлдсэн нэг ажил нь сонгон шалгаруулалтын шатанд байна” гэв
                                                                                                                                                    
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
Related news