Дархан-Уул аймагт “SECIM” төсөл хэрэгжихээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-11 18:08:43
Дархан-Уул / МОНЦАМЭ / Аймгийн Засаг даргын Нийгмийн асуудал, Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат НҮБ-ын ХХААБ-ын орлогч, суурин төлөөлөгч Кевин Д.Галлагтерийг хүлээн авч уулзаж ярилцлаа. Монгол Улсын ХХААЯ, НҮБ-ын “Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага” хамтарч хувийн хэвшлийг оролцуулж мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх /SECiM/ төсөл тус аймагт хэрэгжихээр болсонтой холбогдуулж уг уулзалтыг хийжээ. Монгол Улсын зургаан аймагт тус төсөл хэрэгжихээр болсны нэгэнд нь Дархан-Уул аймаг сонгогдсон. Уулзалтаар төслийн хүрээнд 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ярилцаж талууд гарын үсэг зурав.
Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат: “НҮБ-ын ХХААБ манай аймагтай 2017 онд дараах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Үүнд: ХААИС-ийн мэргэжилтнүүдийн дэмжлэгээр аймгийн эдийн засгийн нөхцөл байдалд нарийвчилсан судалгаа хийж зах зээл, борлуулалт, шошгожуулах чиглэлээр болон “Rural Invest” сургалтын хөтөлбөрийн хүрээнд бизнесийн сургалтуудыг холбогдох талууд зохион байгуулна. “Орхон Кластер” төслийг боловсруулахад хамтарч ажиллахын зэрэгцээ хүнсний ногоо, жимс жимсгэнэ дахин боловсруулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Олон улсын зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд зах зээлийн суурь судалгаа хийнэ. Зөгийн аж ахуй хөгжүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгнө. Арьс шир, ноос ноолуурын нэмүү өртгийн сүлжээ тухайлбал үйлдвэрлэл-боловсруулах-зах зээлийн судалгааг хамтарч хийхээр боллоо” гэв.
Уг төсөл тус аймагт 2020 оны нэгдүгээр сар хүртэл хэрэгжих аж.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу 
Related news