ДАРХАН-УУЛ: “Аялгуунд үлдсэн дурсамж” хөгжмийн зэмсгийн үзэсгэлэн дэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-11-06 15:53:53

Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. "Аялгуунд үлдсэн дурсамж" хөгжмийн зэмсгийн үзэсгэлэнг долоо хоногийн хугацаанд олон нийтэд толилууллаа. Аймгийн музейн сан хөмрөг дэх үндэсний хөгжмийн зэмсгүүд болон Залуучууд театрын тайзнаа эгшиглэж байсан хөгжим, зэмсгээс бүрдсэн байна.


Монгол үндэстний соёл, сэтгэлгээний илэрхийлэл болсон үндэсний хөгжмийн урлаг нь эрт үеэс өнөөг хүртэл өвлөгдөн уламжлагдаж, ард түмний бахархал болсон соёлын биет бус өвийн нэг болсон.


Тус үзэсгэлэн нь үндэсний урлаг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ музейн алтан сан хөмрөг дэх үзмэр, эд өлгийн зүйлсийг танин мэдэхүйн судалгааны эргэлтэд оруулах зорилгоор ийнхүү зохион байгуулжээ.


Үзэсгэлэнд 40 орчим төрлийн хөгжмийн зэмсэг дэглэснээс 83 хувь нь үндэсний хөгжмийн зэмсэг, 17 хувь нь гадаад хөгжмийн зэмсэг эзэлжээ. Хөгжмийн зэмсгийг гарал үүсэл, бүтэц, хөгжимдөх арга, хийцийн онцлогоор нь чавхдаст, үлээвэр, цохивор гэсэн үндсэн ангилалд багтаасан ба 250 гаруй иргэн үзэж, соёлын үнэт өвтэй биечлэн танилцсан гэж аймгийн музейн тайлбарлагч ярилаа.


Тус үзэсгэлэнгийн дэглэлтийн онцлог нь тайзны зохион байгуулалттай уран сайхны орон зайг бүрдүүлсэн нь өвөрмөц болсон талаар үзэгчид сэтгэгдлээ хэлж, сонин, содон үзмэрээр үзэсгэлэн гаргаж байдагт талархлаа илэрхийлжээ.

Related news