Хэрэглэгчдийн гомдлыг шуурхай барагдуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-11 17:56:32
Дархан-Уул / МОНЦАМЭ / “Дэд бүтцийн хяналтад таны оролцоо" сарын аяны хүрээнд Дархан-Уул аймгийн МХГ-аас эрхлэн зохион байгуулсан “Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутгах татуургын ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад хандаж хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлт, гарч буй хүндрэл, цаашид авч хэрэгжүүлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгт “ДСЦТС” ХК, “ДДС” ТӨХХ, “Дулаан Шарын Гол” ТӨХК, “Дархан Ус суваг” ХК-иуд өөр өөрийн компанид хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийн шийдвэрлэлт, гарч буй хүндрэл, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар, МХГ-аас өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэх эрхзүйн орчны талаарх мэдээллүүдийг хийж санал солилцов. Хэлэлцүүлгийн дүнд дэд бүтэцийн болон төр захиргааны байгууллагуудад хандсан найман заалт бүхий зөвлөмж гаргахаар шийдвэрлэлээ. Аймгийн Захирагчийн алба болон дээрх компаниудын төлөөлөл инженер техникийн 31 ажилтан оролцлоо. Аймгийн МХГ-ын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Б.Оюунтуяа: “Хэрэглэгчдийн өдөр тутам хэрэглэдэг цахилгаан, дулаан, усан хангамжийн талаар байнгын санал гомдол гардаг ч түүнийг хэрхэн барагдуулж байгаа талаар мэдээлэл хомс байдаг. Энэ талаар бид сарын аяны хугацаанд тухайн байгууллагуудад ирсэн хүсэлт гомдлыг яаж барагдуулж байгааг хэрэгдлэгчдэд нь хүргэх үүднээс энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж мэдээлэл хийлгэн хэлэлцүүлж байна. Тухайлбал: цахилгаан түгээх сүлжээний хувьд хотоос алслагдсан гэр хороололд шинээр суурьшсан айл өрхүүд цахилгаан хангамж дутагдалтай байдаг бол дулааны сүлжээний хувьд Сууц өмчлөгчдийн холбоодын хариуцдаг зарим орон сууцны босоо шугамд гэмтэл гарах нь их байдаг байна.  Аяны өдрүүдэд ирсэн бүх санал хүсэлтийг барагдуулахын зэрэгцээ шинээр гарсан гомдлыг судлаж тухайн байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулна” гэв.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
 
 
Related news