Сантмаргац сумын нутагт МЭӨ 3000 жилийн үеийн буган чулуу бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-04 20:34:25
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг нь Монголын эртний түүхт хотуудын нэг бөгөөд, аймгийн төв Улиастай хот нь 1733 онд, Завхан аймаг нь 1923 онд байгуулагдсан байна. Нийт  нутаг дэвсгэрийн талбай нь 82500 км /квадрат газар нутагтай.  Монгол орны баруун хойд хэсэгт Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Àлтай, Ховд, Увс аймгуудтай хиллэдэг, Хойд талаараа ОХУ-тай хиллэнэ.  УБ-хотоос 1180 км алслагдсан түүх дурсгал, байгаль цаг уурын өвөрмөц тогтоцтой, ховор ан амьтан жигүүртэн шувуудаар баялаг нутаг юм. Завхан аймгийн хөгжлийн нэг хөшүүрэг нь аялал жуулчлал юм. Жилийн дөрвөн улиралд байгалийн говь, хангай, ой хээрийн бүсийн үзэсгэлэнт газрууд болон түүхийн гайхамшгууд, Монголчуудын нүүдэлчдийн уламжлалт ёс, зан үйлээрээ аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой бүс нутаг юм. Тиймээс энэ зун Нүүдэлчдийн соёлын наадмыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. 

Аялагч жуулчдын сонирхолыг татдаг байгалийн үзэсгэлэнт газруудаас та бүхэнд түүвэрлэн хүргэж байна.
Та Завхан аймагт адал явдалт аялал жуулчлал, эко аялал жуулчлал, тусгай сонирхолын аялал жуулчлал, бүс нутгаар  дамжин өнгөрөх, тойрон аялал жуулчлал, соёл- танин мэдэхүйн аялал жуулчлал, рашаан сувилалын аялал жуулчлал, эмчилгээ оношлогооны аялал жуулчлалыг хийж болно.
1.Монголчуудыг даадаг Очирваань хайрханы сүншигтэй Отгонтэнгэр хайрхан 

Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн  ба анх VI-VIII зуунд Түргүүд тахидаг байсан. Түүнээс  хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911онд Богд хаан жил бүр ламын шашны ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995онд төрийн тахилгатай болж дөрвөн жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна. Энэ хайрхан нь хангай нурууны ноён оргил дтд- 4021 м өргөгдсөн. Эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсгалт, нуураар элбэг  ойр орчимын уулсууд байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, ан амьтан биосфер, экосистемийн бүрдэл маш сайн бүрдсэн, ховор ургамал амьтан элбэг, олонд алдаршсан рашаан сувилал, хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг. Завхан аймгийн Отгон, Цагаан хайрхан, Алдархаан, сумдын нутгийн заагт оршдог аймгийн төвөөс Отгоны амралт хүртэл 78 км, Отгон сумаас Хайрхаы өвөр Бадархундаг нуур хүртэл 65 км байдаг байна. Отгонтэнгэр хайрханыг өнгөрсөн жил тахисан бөгөөд 20000 гаруй хүн оролцжээ. Энэ хайрханд төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэн жирийн иргэд хүртэл холоос зорьж ирэн сүслэн мөргөдөг уламжлал хэдийнэ тогтжээ.
2.Үр хайрлах шидтэй Даян хайрхан

Отгон тэнгэрийн баруун талд харуул мэт сүндэрлэх Их даян, Бага даян гэсэн далайн түвшнээс 2500метрийн өндөртэй хоёр сүрлэг хайрхан бий.  Даянгийн хоёр талд хөх, Цагаан гэсэн хоёр нуур байх ба энэ ууланд Отгонтэнгэрийн бүсийн ховор ургамал болох вансэмбэрүү, хонин арц, алтан гагнуур, жамъянмядаг зэрэг эмийн бусад ховор ургамалтай. Орой дээрээ хэсэг хавтгай газартай ба голд нь тайхар чулуу байдаг. Уулын дээрээс тэртээд харагдах Алтайн хөх уул, Монгол элс зэрэг ойр орчмын өндөр хайрхан уулсууд алган дээр тавьсан мэт үзэсгэлэнтэй харагдах нь эртнээс нааш нутгийн ард түмэн Даян хайрхан дээрээс дэлхий харагдана гэж ярьцгаадаг байна. Мөн бөөгийн шашинд энэ хайрханы дэргэд эр эм хоёр мөргөл залбирал үйлдэж сүслэвээс үр хүүхэд заяадаг домтой, баатар хөвүүн заяадаг ч  хэмээдэг.
3. Цагаан нуур

Даян хайрханы баруун бэлд Хөх нуураас холгүй далайн түвшнээс 2230м өндөрт оршдог. Морены хурдсанд хөөгдөж тогтсон цэнгэг устай 3.1 км.кв талбайтай,3.6км урт,1.6км өргөн гүн нь 28м нуур юм.  Их бага Даян хайрханд тулж хошуу хойг булан тохой үүсгэх тул эргийн хэрчигдэл ихтэй, урт нь 12км , өмнөөс нь нуурын хоолой хэмээх гол хэдэн булгийн хамт цутгадаг. 
4. Ногоон нуур

Овоот  уулын бэл. Тусгалтын ар бэлээр урссан Идэр голын зүүн талд байрлаж төгссөн нуур. Ногоон нуур гэсний учир нь Овоотын өвөрт байгаа эрдэнийн туяа энэ нуурт туссанаас нуурын ус ногоон харагддаг гэсэн домог яриа байдаг. Нуурын ус нь аль ч талын эргээсээ дотогш 5-8м орчимын зайд хар харагдаад үүнээс цааш ногоон өнгөтэй харагддаг байна . Энэ нь эргэн тойрны ногоон ой модны тусгал байж болох юм. Яг хажууд нь очиход нуурын ус нь маш тунгалаг бөгөөд дотор нь явж буй загас тод харагддаг байна. Нуурын эргээс ус байнга шүүрч усны түвшингөө хадгалдаг ба нуураас жижиг цутгал урсан гарч Идэр голд нийлдэг байна.
5. Улаагчны хар нуур

Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80км, аймгийн төвөөс 110кмт оршдог.  Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчимын шанаанууд зэгстэй Жаахан нуур, Товхошын сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Нуурын гүн нь 48м, уртаашаа 30орчим км ,өргөн нь 5-10км сунаж тогтсон нуур. Уг нууранд Омуль,Фельд гэсэн хоёр төрлийн загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600м өргөгдсөн Их бага хоёр Авгаш нэртэй арал бий. Энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь үзэсгэлэнтэй харагддаг. Энэ нуурын эрэгт ирэх долдугаар сард Нүүдэлчдийн соёлын их наадмыг зохион байгуулахаар болжээ. Говь, хангай хосолсон байгалийн үзэсгэлэнт нуурын эрэгт дөрвөн том жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг байна. Завхан аймгийн аялал жуулчлалын гол бүс нутгуудын нэг.
6. Мухартын гол

Уг гол нь Эрдэнэ хайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт Бор хярын элсний өмнө талд далайн түвшнээс дээш 450м  өндөр элсэн манханаас эх авч урсдаг. Хөвөөгөөрөө бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс  жимсгэнтэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий цогцолборт газар юм. Уг голд очиход мосттой тээврийн хэрэгсэлээр явбал тохиромжтой юм. Өдгөө энэ голыг зорих жуулчдын тоо жил бүр нэмэгдсээр байна.
7.Дуут хад 

Завхан аймгийн Сантмаргац сумын төвөөс зүүн хойно 23 километрт байдаг. Уг дурсгал нь одоо байгаа төрхөөрөө Дуут буюу Дэрэн чулуу ч гэж нэрлэгддэг. Учир нь гурван ширхэг жижиг чулуун дээр хар хөх чулууг хэвтээгээр нь байрлуулсан, чулууны  урт нь 85см, өргөн нь 55см, зузаан нь 32см ба чулууны дээд хэсэгт 23 хонхор цэгэн тойргон бүслүүртэй, хоёр хажуу талд нь яг ижил хэмжээтэй дугуй хэлбэрийн хонхойлгож дүрсэлсэн буган чулуутай. Энэхүү буган чулуу нь МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн буган чулуу. Уг чулууны нэг онцлог нь мод чулуугаар цохиход яг хөндий төмөр шиг дуугардаг байна. Энд нутгийн дуу хуурт дуртай иргэд ирж дуут чулууг хөглөж ая тоглох дуртай ажээ. Мөн тус сумыг зорин ирсэн зочид заавал үзэж сонирхдог газар ажээ.
8. Хүнгүйн гол

Бор хярын элсэн манхнаас эх авч Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сум, Увс аймгийн Завхан сумын нутгаар урсч Айраг нуурт цутгадаг гол. Урт нь 200км, ай савын талбай нь 21,6 мянган км/кв. Усны жилийн дундаж зарцуулалт 2,1м/сек, 3м. Муразаевын тэмдэглэснээр эрт цагт их хулсан шугуйтай байжээ. Уг гол нь эргийн дагуур  хүнхээл, элсэн толгодууд, хүнгүйн, түнгээ зэрэг байгалийн өвөрмөц тогтоцыг бүрдүүлсэн газрууд олонтой Завхан аймгийн говийн бүсийн сумдуудын тэжээгдмэл гол юм. Зундаа нар жаргах мөчид элсэн манхан дунд цэнхэртэн харагдаж намуухан зөөлөн урсгалтай гол юм. Энд мөн аялагч, жуулчид тухлах дуртай ажээ.
9.Загастайн давааны хүн чулуу

Эрт урьд цагт Монголчууд  хятадад ноёрхож байхад юм гэнэ.  Хятадууд бослого гарган Монгол хааны аминд хүрээд зогсохгүй үр удмаар нь хүйс тэмтрэх хорон санаа өвөрлөжээ. Хааны эхнэр нэгэн ламын туслалцаатайгаар Чингис хааны хойчийг залгамжлах бяцхан нуган үрээ аван санд мэнд зугтаж амжиж гэнэ. Босуул гурав тэмээ унан говь цөлийг туулан эх Монгол нутгаа тэмцжээ. Хятад түшмэд тэднийг барьсан хүнд их хэмжээний шагнал амлан 300 морьтон цэрэг илгээн тэдний араас мөрдүүлж гэнэ. 
Хөөн ирсэн дайсанд гүйцэгддэгийн даваан дээр лам тэнгэр бурханд залбиран хур гуйсанд их цас орж морь унасан хятад цэрэг урагшилж үл чадан ард  хоцорчээ. Ийнхүү тэд явсаар Загастайн даваанд дөхөж байтал мөрдөн хөөгчид дахин ойртож иржээ. Оргодол гурван Монголын толгойг тасдан аваачиж өндөр шан хүртэхийг горьдсон хятадуудын баясан хашгирах дуу араас нь улам ойртсоор л. Гэтэл давааны оройд гараад тамир нь барагдсан ламтан үхэдхийн унаж бурхны оронд оджээ. 
Яахаа мэдэхээ байсан залуу хатан бяцхан хүүгээ дээш өргөн “Монгол газрын этүгэн эх дэлхий, бурхад минь ээ! Монгол хэмээх нэрийг даян дэлхийд цууриатуулсан агуу их хүний удмыг энэрэн соёрхож хайрла! Чингис хааны яс махны тасархайг үхлээс  хэлтрүүлж соёрхооч! гэж гуйн хашгирсан байна. Тэгтэл түүний хажууд нэгэн бяцхан цагаан хулгана гарч ирээд хүний хэлээр намуухан дуу гарган: “Чамайг авруулахаар намайг илгээсэн болой.  Айж тэвдэлгуй аян замаа үргэлжлүүлсүгэй. Хүүг чинь гайхамшигтай суу алдар, харин мөрдөн хөөгч нарыг үхэл хясал хүлээж буйг мэдтүгэй! хэмээжээ.
Хатан хулгана руу үл итгэсэн харцаар харж “300 морьтон дайчныг өчүүхэн жижиг хулгана дийлнэ гэж үү” хэмээн асууужээ. Гэнэт тэнгэр нижигнэж аянга цахилан асар том хадан цохио хагаран нурж доороос өгсөн ирж байсан морьтон эрсийг бяц даран хаман оджээ. Тэгээд өнөө бяцхан хулгана хадан дээр үсрэн гараад:
- Би бол Загастайн эзэн савдаг байна. Би бурхадын ивээлд байдаг хүчирхэг нэгэн билээ, харин чи ид шидэт хулгана миний хүч чадалд эргэлзсэний чинь төлөө Загастайн даваа энэ өдрөөс зөвхөн нүгэлт хүмүүст ч бус, басхүү буянт хүмүүн нарт саад тотгор учруулах болмуй” гэжээ. Энэ цагаас хойш үүгээр явагсад Загастайн даваанаас аюун сүрдэх болжээ. Загастайн даваа нь нэг талаараа өндөр хавцал бүхий голтой,сүрдэм даваа билээ.  Гэхдээ энэхүү даваагаар заавал давж Завхан аймгийн төв Улиастайд хүрч очдог байна.
10.Дааган дэлийн буган чулуун хөшөө

Завхан аймгийн Шилүүстэй сумын нутаг Дааган дэл уулын хойд энгэртийн уужим дэвсэг дээр хоёр эгнээ найман буган хөшөө бий. Эдгээр хөшөө чулууд нь Завхан аймгаас Баянхонгор орох төв замын дагууд байрлах бөгөөд холоос тод харагдана. Үүнийг Дааган дэлийн буган хөшөө гэж судлаачид нэрлэдэг.
Эдгээр найман хөшөөний хоёр нь газарт ойчсон байна. Хөшөөнүүдийг ягаавтар өнгийн боржин чулууг сайтар засч, бугын дүрсийг гоёмсогоор дүрсэлсэн байх нь хөшөөнүүд дээр ажиглагддаг. Мөн хөшөө чулуунуудын доод бие буюу бүслүүрт нь нум сум, чинжаал хутга, бамбай, сүх мэтийг дүрсэлсэн байгаа нь тод ажиглагдана. Хөшөө чулуунуудын ерөнхий хадгалагдаж үлдсэн байдал нь нилээд сайн, зураг дүрслэлүүд нь тод сайн харагдаж байлаа. Дааган дэлийн хөшөө чулуунаас холгүй мөн 8 ширхэг хөшөө чулуу тал дээр байдаг. Эдгээр найман хөшөө чулуу нь хэмжээгээр жижиг, мөн л ягаавтар өнгийн боржин чулууш засч хийсэн байх бөгөөд зураг дүрслэлийн хадгалагдаж үлдсэн байдал нь нилээд тааруу, бараг мэдэгдэхгүй шахам байдаг. Дааган дэл орчим энэ жижиг бүс нутагт мөн буган чулуу хөшөө хиргисүүр тархсан байдал нь нь нилээд өндөр, мөн Завхан аймгийн Отгон сумын төв дээр нилээд олон буган чулуун хөшөө, хиргисүүрүүдийг үзэж харж болно.
 Б.Мягмарсүрэн

 
Related news