Д.Мөнх-Од: “Ногоон хөгжлийн загвар сум” болох зорилтыг тавин ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтий нутгийн хоймор болсон Дадал нутагт хаваржилт тавтай сайхан, хүн ардын сэтгэл тэнэгэр, буянт мал сүрэг нь төлөөр үржиж, ирж буй цаг өнгөтэй сайхан байна. Сэтгүүлч миний бие тус суманд томилолтоор ажиллах үеэрээ Дадал сумын ИТХ-ын дарга Дашпүрэвийн Мөнх-Одтой уулзаж ярилцлаа.
- Сайн байна уу? Дадал нутагт хаваржаа тавлаг сайхан байна уу?
-Сайн. Сайн байна уу? Манай нутагт энэ жил өвөлжилт хүндэрсэн ч энх хавартайгаа золгоод тавлаг сайхан байна. Та бүхэн алслагдсан сумдадаа хүрч ажиллан, бид бүхний ажил төрөл, аж байдлыг сурвалжлан уншигчдад хүргэж байгаад баяртай байна.
- Дадал сумын Хурлын байгууллага 2017 ондоо ямар бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манай сумын ИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 6 сар орчим хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу хурлын бүтэц бүрэлдэхүүнээ нийт Төлөөлөгчдийнхөө хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж, 7 тэргүүлэгчтэй, хурлын дэргэдэх бодлогын 5 хороотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Хурлын хороог Төрийн байгуулалт, хяналт эрх зүйн хороо, Нийгмийн бодлогын хороо, Төсөв санхүү, дэд бүтцийн хороо, Хөдөө аж ахуйн хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын хороо гэсэн бүтэцтэйгээр зохион байгуулж, хороо тус бүрийг 5-7 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулж байна. Сумын хурлын ажлын алба буюу Нарийн бичгийн даргаар С.Уянга 15 дахь жилдээ ажиллаж байна.
- Таны хувьд өмнө нь ямар ажил үүрэг гүйцэтгэж байв? Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Батнай овгийн Дашпүрэвийн Мөнх-Од гэдэг. Эрхзүйч, байгаль хамгааллын мэргэжилтэй. Миний бие 2006 онд Дадал сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас ажлын гараагаа эхэлж, Байгаль орчны салбарт 10 жил ажилласан. Энэ хугацаанд Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Зүүн бүсийн салбарын захирлаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн байгаль орчны салбараасаа холдолгүй Онон голын загас хамгаалах клубт тодорхой үүрэг оролцоотой ажиллаж байна.
- Энэхүү албанд сонгогдон ажилласнаас хойш ямар ажлуудыг хийж амжуулав?
-Хурлын байгууллагын дотоод бүтцийг бэхжүүлэх, сайжруулах, иргэд олон нийт, сонгогчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах, сум орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтыг түргэтгэх гээд олон чиглэлд анхаарлаа хандуулж ажиллах шаардлага гарч байна. Сумын ИТХ-аар 50 гаруй асуудлыг авч хэлэлцсэн. Мэдээж хуулийн хүрээнд цаг хугацааны шалгуураар хийгдэх ажил, асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж байна. Сумын Засаг даргын 2017-2020 оны мөрийн хөтөлбөр, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2017 оны төсөв, үндсэн чиглэл зэргийг баталж, хурлын байгууллагаас зохион байгуулдаг уралдаан тэмцээнүүд, мөн сумаас төрөн гарсан аймгийн цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Мөн сумын Иргэний танхимыг байнгын ажиллагаатай болгон ажилтны орон тоог шийдвэрлэсэн.
- Дадал сумын хөгжлийг ойрын 10 жилд хэрхэн харж байгаа вэ?
-Манай сум хөгжлийн зөв гарцаа ерөнхийдөө олж, гадна дотны олон хүмүүсийн анхаарлыг татах боллоо. Цаашид миний зүгээс харж байгаагаар талуудын оролцоог хангасан маш сайн төлөвлөлтүүдийг хийж, 3 тэргүүлэх чиглэлийн хөжлийн гарц байж болох юм шиг санагддаг. Нэгдүгээрт аялал жуулчлалын зөв менежмент, хоёрт ашиг шим өндөр таваарлаг мал аж ахуй, гуравт байгалийн нөөцийн тогтвортой менежмент гэсэн чиглэлүүд харагддаг. Гэхдээ одоогоор улс, аймаг, сумын түвшинд яригдаж байгаагаар Өндөрхаан – Дадал чиглэлийн хатуу хучилттай замын асуудал, Их эзэн Чингис хааны аялал жуулчлалын цогцолборын асуудал, сүүний үйлдвэр байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтууд нь дээрх бүхэнтэй уялдаж, төлөвлөлтийн дагуу зөв явагдах ёстой гэж үздэг.Бас дан аялал жуулчлал гээд анхаарлаа хандуулах бус мал аж ахуй, бэлчээрийн зөв менежмент, сумын дэд бүтцийн хөгжлийн асуудал, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх тал дээр мөн анхаарч хослуулан хөгжүүлэх хэрэгтэй.
-Ирэх жилд хийгдэх онцлог ажил, бүтээн байгуулалтуудаас нэрлэвэл?
-Бидний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зарим онцлог заалтаас авч үзвэл спорт бэлтгэлийн төв болон чийрэгжүүлэх, фитнес төв ажиллуулах, ЕБС-ийн төрөлжсөн кабинетийг тохижуулан гэрчилгээжүүлэх, ахмад настны нийгмийн оролцоог нэмэгдүүлэн ахмадын хөгжлийн төв байгуулах, сумын төвийн хашаа гудамжийг цэгцлэх, томоохон голуудын гүүр, бирваазыг засаж сайжруулах, шинээр барих, Дэлүүн болдогийг түшиглэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах, сумаа шилэн кабельд холбох зэрэг онцлог ажлууд тусгагдсан байдаг.
- 2017 он Дадалчуудын хувьд?
-Дадал сумыг “Ногоон хөгжлийн загвар сум” болгох санаачилгыг Дадал сумын ИТХ-аас гаргаж, ажил хэрэг болгохоор ажиллаж байна. 2017 оныг төлөвлөлтийг сайжруулан, хөгжлийн зөв гарцыг тодорхойлох жил болгохыг зорьсон. Энэ жил бид сум орон нутгийн хөгжлийг сайжруулахад чиглэсэн аялал жуулчлал, газар зохион байгуулалт, бэлчээрийн менежмент, ногоон хөгжлийн бодлого зэрэг төлөвлөлтүүдийг шинээр боловсруулан гаргаж, түүний дагуу хийгдэх томоохон ажлуудын хөрөнгө санхүүг шийдвэрлүүлэх, хамтран ажиллах талуудтай уулзалт хийж, сум хөгжүүлэх төлөвлөгөөнд нэмэлт оруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ.
Д.Одонтунгалаг