Нийслэлийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээр байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-04-14 14:02:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр  НЗДТГ, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо гурван талт хэлэлцээр байгууллаа.

“Нийслэлийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт хамтын хэлэлцээр”-т Хотын дарга С.Батболд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга С.Жаргалсайхан нар өнөөдөр гурван талт хэлэлцээрийг баталж гарын үсэг зурав.

Нийслэлийн хүн амын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дагаж мөрдөх, нийгмийн түншлэлийн зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор талууд нэгдэж буй аж.
Хэлэлцээрийн хүрээнд үр бүтээлтэй хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийг ханган ажиллах  чиглэлээр 22 зорилтот ажлыг  хэрэгжүүлэх юм байна.

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар,“Хотын даргын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд гурван тал хамтарч ажиллахаар болж байна. Нийтийг хамарсан ажил хаялт, хөдөлгөөнийг  түншлэгч талууд гаргахгүй байх үүрэг хүлээлээ” хэмээн онцлов.

Харин Хотын дарга С.Батболд, “Эл хэлэлцээрийг байгуулснаар нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, байнгын ажлын байраар ханган ажиллахад талууд хамтран ажиллана.  Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын хөдөлмөрийн аварга шалгаруулах, зохистой бүтээмжтэй ажлын байрыг бий болгоход талууд нэгдэж байна” гэв.
 Б.Заяа
 
Related news