Цусан дахь сахарын хэмжээг биед хүрэхгүйгээр тодорхойлох төхөөрөмжийг зохион бүтээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-04-13 03:55:35

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын "Apple" корпораци чихрийн шижин өвчнийг эмчлэхэд үсрэлт хийж чадах төхөөрөмжийг зохион бүтээх ажлыг маш нууц байдалд хийхээр мэргэжилтнүүдийн багийг хөлслөн авчээ. Энэ тухай лхагва гарагт CNBC телевиз мэдээллээ.  

Эх сурвалжийн мэдээгээр, цусан дахь сахарын хэмжээг хүний биед хүрэхгүйгээр тодорхойлох чадвартай тусгай мэдрэгч бүтээх талаар судалгаа хийж байгаа аж. 

CNBC телевизийн мэдээлснээр, инженерүүд болон биологич эмч нарын баг Калифорни муж улсын Пало-Альто хот дахь нууц лабораторид уг төсөл дээр ажиллаж байгаа гэнэ. Жилийн өмнө энэ нууц багт 30 орчим хүн ажиллаж байсан ба одоо түүнээс олон болсон байж магадгүй, учир нь "Apple" саяхан био анагаах ухааны салбарын 10 мэргэжилтнийг хөлслөн авсан гэж эх сурвалж ярьжээ.

Өвчтөний арьсыг нь цоолж, цусыг нь авахгүйгээр, хүний биед хүрэхгүйгээр цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох хэмжигч төхөөрөмж бүтээх санааг анх 2011 онд Apple-ийн тэргүүн асан Стив Жобс гаргасан юм. Үүнээс хойш тус корпораци таван жилийн турш ийм төхөөрөмж бүтээхээр ажиллаж байна.

Apple-ийн тэргүүн асны төсөөлж байснаар бол, уг төхөөрөмж нь “Apple Watch” ухаалаг цаг шиг өвчтөн биедээ байнга зүүж явж болохуйц зөөврийн мэдрэгчтэй адил байх ёстой аж. “Apple Watch” ухаалаг цаг нь Стив Жобс нас барснаас хойш буюу 2015 онд худалдаанд гарч байсан юм.

Одоо зохион бүтээхээр ажиллах буй оптик мэдрэгч нь хүний арьсыг гаднаас нь гэрэлтүүлэн сахарын хэмжээг нь тодорхойлох аж. Энэхүү шинэ төхөөрөмжийг “Apple Watch”-той хослуулах нь ойлгомжтой бөгөөд ингэснээр уг цахим төхөөрөмж зах зээл дээр хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн болох юм.

Хэрвээ шинэ төхөөрөмж зохионн бүтээх ажил амжилттай болбол энэ нь чихрийн шижинтэй олон сая хүний амьдралыг хөнгөвчилж, эмчилгээний шинэ аргыг нээхэд түлхэц болох төдийгүй цусан дахь сахарын хэмжээг биед хүрэхгүйгээр тодорхойлдог төхөөрөмж үйлдвэрлэн борлуулах томоохон зах зээл бий болно.

О.Барс

 

Related news