Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар галын иж бүрэн хэрэгсэлтэй автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-07 15:22:29

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа бүрэн галын хэрэгслээр тоноглогдсон автомашин, байгаль хамгаалагч нар багаж тоног төхөөрөмжтэй болжээ.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанд гал түймрийн багаж хэрэгслээр тоноглогдсон машиныг хүлээлгэн өгчээ. Түүнчлэн байгаль хамгаалагч нарт өвөл, зуны дүрэмт хувцас дуран, мэргэжлийн зургийн аппарат, байршил тогтоогч, аяны майхан, аяны хөнжил, аяны гудас зэрэг хяналт шалгалт хээрийн судалгаанд нэн шаардлагатай техник багаж хэрэгслийг өгчээ. Ийнхүү тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдын ажиллах нөхцлийг сайжруулж хээрийн ажлын багаж хэрэгсэл болон ой хээрийн түймэртэй тэмцэх иж бүрэн тоноглогдсон автомашинтай болсноор тус байгууллагын менежментийн чадавхийг сайжруулаад зогсохгүй. Байгаль орчныг хамгаалах, ялангуяа эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд, ой хээрийн түймрийн эрсдлийг бууруулах чухал ач холбогдолтой юм хэмээн Хамгаалалтын газраас мэдээллээ. Дашрамд Монгол Улсын 14 тусгай хамгаалалттай газрын захиргаанд дээрхи тусламжыг олгосон байна. Монгол улс “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох“ төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлжээ.  Төслийн зорилго нь тусгай хамгаалалттай газруудын менежментийн чадавхийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дээшлүүлэхэд чиглэгддэг ажээ.  

Б.Мягмарсүрэн

Related news