Завхан аймаг олон улсын аялал жуулчлалын албан ёсны түнш аймаг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-06 01:47:20

Завхан /МОНЦАМЭ/ Завхан аймаг “ITM-2018” олон улсын аялал жуулчлалын албан ёсны бизнесийн түнш аймгаар шалгарчээ.

Тодруулбал жил бүрийн аялал жуулчлалын чиг хандлагыг тодорхойлдог томоохон үйл ажиллагаа болох “ITM-2017” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Завхан аймаг амжилттай оролцсон байна. Улаанбаатар хотод болсон арга хэмжээнд аймгийнхаа аялал жуулчлалын бодлого чиглэл болон ирэх долдугаар сарын 23, 24-ны өдрүүдэд Завхан аймагт болох “Нүүдэлчдийн соёлын наадам”-ын үйл ажиллагаа, бэлтгэл ажлыг танилцуулжээ.

Энэ үеэр Завхан аймгийн Аялал жуулчлалын холбооноос эрхлэн гаргасан Завхан аймагт аялах аяллын англи, монгол хэл дээрхи өнгөт гэрэл зураг бүхий аяллын маршруттай хөтөч номыг танилцуулжээ. Энэхүү номонд Завхан аймгийн үзэсгэлэнт байгалийн тогтоц бүхий гэрэл зургууд, байршил, км, зай талбай, жуулчны баазууд, ресторан, буудлын газруудын дэлгэрэнгүй танилцуулга зэрэг мэдээллүүд багтжээ. Мөн үеэр Завхан аймгаас жуулчид юу үзэж ямар бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтой талаарх гар урлалын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, Завханы Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн нутгийн онцлогийг харуулсан тоглолт зэргийг үзүүлж сонирхуулжээ. Ийнхүү томоохон арга хэмжээнд амжилттай оролцож ирэх жилийн олон улсын аялал жуулчлалын албан ёсны түнш аймгаар шалгарсан нь бидэнд том хариуцлага ногдуулжээ. Тийм учраас ирэх долдугаар сард Завхан аймагт болох нүүдэлчдийн соёлын наадмыг өндөр түвшинд зохион байгуулах нь бидний гол зорилго юм хэмээн Завханы Засаг дарга мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Related news