НӨАТ- ын баримтыг хөдөөгийн сумын иргэд авч чадахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжээд бүтэн жил илүү хугацаа өнгөрч байгаа. Гэтэл одоог хүртэл худалдан авсан бараандаа НӨАТ- ын сугалаа бүхий баримт авах боломж иргэдэд төдийлөн сайн бүрдэхгүй байсаар байна. Ялангуяа зарим хөдөөгийн суманд иргэд худалдан авсан бараандаа НӨАТ- ын баримт огт авч чадахгүй байна.
Энэ байдлыг жишээлэн Өндөршил сумын иргэдтэй уулзсан юм. Тэд хэлэхдээ, худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь баримт хэвлэж өгөх нөхцлөө бүрдүүлээгүйгээс авч чадахгүй байгаа, баримтаа авч сугалаанд оролцож, НӨАТ- ын буцаан олголтоо авдаг болохыг хүсч байгаагаа илэрхийлсэн. Тус суманд шатахуун түгээх станц л НӨАТ- ын баримт өгдөг гэлээ.
Харин худалдаа үйлчилгээ эрхлэгч нараас НӨАТ- ын баримт хэвлэж өгөхгүй байгаагийн учрыг асуухад, иргэд баримт авъя гэж шаардахгүй байгаа, нөгөө талаар бид Нарантуул захаас бараагаа татдаг. Тэндээс өөрсдөө бид НӨАТ- ын баримт авч чаддаггүй. Эхлээд бөөний худалдааны төвүүд ийм баримтаа өгдөг болчих хэрэгтэй гэдэг хариултыг өгсөн юм.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу үйлчлүүлэгчдээ НӨАТ тооцсон шинэ стандарт бүхий баримт хэвлэн өгч, хууль хэрэгжүүлж байгаа 196 аж ахуйн нэгж, хоёр иргэн Дундговь аймагт байна. Энэ бол чамлалттай тоо. Аймгийн төвд бол ялангуяа хүнсний зах болон томоохон худалдааны төвүүдэд лангуу түрээслэгчид, бараа, барилгын материалын дэлгүүрүүд, эмийн сангууд гээд НӨАТ- ын баримт хэвлэж өгөх ёстой олон аж ахуйн нэгжээс иргэд НӨАТ- ын сугалаатай баримт авч чадахгүй байгаа юм.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд анхаарал хэрхэн хандуулж байгаа талаар аймгийн Татварын хэлтсээс тодруулахад, НӨАТ- ын баримт хэвлэж өгдөг болохыг удаа дараа шаардаж байгаа, хууль нэгэнт хэрэгжүүлэхгүй байгаад нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн дагуу торгуулийн арга хэмжээ авна гэсэн хариултыг өгсөн юм.
Т. Отгонтуяа