Ажилгүй болсон шалтгаанаар амиа хорлосон гэх таамаг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2017-03-29 13:14:38

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Идэр сумд төрийн албан хаагчаар ажиллаж байсан иргэн 3 дугаар сарын 27-ны шөнө амиа хорлосон харамсалтай мэдээ байна.

Тус аймгийн Идэр сумын ЗДТГ-ын төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан иргэн "Т" өөр дээрээ бензин асган шатаж амиа хорлосон хэрэг гарчээ. Талийгаач 50 орчим настай эмэгтэй бөгөөд төрийн албанд 28 жил тасралтгүй ажилласан туршлагатай албан хаагч байв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Т" нь Идэр сумын ЗДТГ-т Төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан аж. 2015 онд энэ албан тушаал дээр Төрийн албаны сонгон шалгаруулалт зарлажээ. Талийгаач уг шалгалтанд эхний гуравт жагссан байна. Харин шалгалтад хамгийн өндөр оноо авсан иргэнийг сумын ИТХ-ын дарга ажилд тавилгүй талийгаачийг дахин томилуулан ажиллаж байсан юм байна. Гэвч шалгалтад өндөр оноо авсан иргэн "Н" Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар ажилдаа орж, талийгаач ажилгүй болжээ. Энэхүү харамсалтай хэрэг гарахаас өмнө тус шийдвэр гарсан бөгөөд энэ шийдвэр талийгаачид өөрийгөө шатааж амиа хорлоход хүргэсэн бололтой хэмээн албан бус эх сурвалжаас мэдээллээ.

Дашрамд талийгаач нөхөр, хоёр хүүхэдтэйгээ Идэр суманд амьдардаг. 

Харин аймгийн Цагдаагийн газраас хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Б.Мягмарсүрэн

Related news