“Цагдаагийн албаны тухай хууль”-ийг залах ёслол болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-28 21:58:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Шинээр батлагдан гарсан Монгол Улсын “Цагдаагийн албаны тухай хууль”-ийг залах, тангараг өргөх ёслолын арга хэмжээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хотгойдын баатар Чингүнжавын талбайд боллоо.

Хуулийн эх гардуулах арга хэмжээнд Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Адъяацэрэн, Засаг даргын тамгын газрын  дарга Х.Ган-очир, Цэргийн штабын дарга хурандаа Д.Бямбацогт болон холбогдох бусад албаны хүмүүс оролцов. Аймгийн засаг дарга Л.Ганболд ёслолын арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ “Монгол улсын үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “хууль дээдлэх” нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн тодорхойлсон. Энэхүү хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэхэд “хуулийн эх”-ийг гардуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа ихээхэн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ Монгол хүн төрт ёсыг хүндэтгэж, Монгол төрөө дээдлэх, эрх зүйн урамсарт соёлыг түгээж, албаны зорилго биелэн, үнэлэмж дээшлэхэд ач тусаа өгнө гэдэгт итгэл төгс байна” гэдгийг онцлоод хуулийн эхийг аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Адъяацэрэнд гардуулан өглөө.

Энэ үеэр цагдаагийн хүрээний байгууллагуудын хүндэтгэлийн жагсаал болж цагдаагийн газрын алба хаагчид ая дуугаа өргөн барьж хуулийн эхээ ёслол төгөлдөр угтан авлаа.

Б.Гантуяа 

Related news