Хаваржилт хүндэрсэн сумдад туслах "Нэг сэтгэл" хандивын аян зарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /Монцамэ/ Хөвсгөл аймгийн нийт нутгаар өвөлдөө цас ихтэй байсны улмаас зарим сумдад хаваржилт хүндэрч эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар 4 суманд хаваржилт их хүнд, хэвийнээс илүү малын хорогдолтой 8 сум байгаа учраас аймгийн Онцгой комисс хуралдаж малчдаа дэмжих "Нэг сэтгэл" хандивын аяныг зарлалаа.
Малчин түмэндээ цаг зуурын хүндрэл бэрхшээлийг даван туулахад мал маллагаанд хамгийн өргөн хэрэглэгддэг эд материал, ахуйн болон хүнсний хэрэглээний эд зүйлс, өвс тэжээл, мөнгөн дэмжлэг үзүүлж туслахыг иргэн, хувь хүн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, Олон улсын байгууллагууд, аймаг сум, багийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөдөө уриалжээ.
Аяны хүрээнд цугласан хандивыг хамгийн ихээр зуданд нэрвэгдсэн малчид болон зудтай сумын малын тоо толгой багатай, мал маллагаанд хүн хүч дутмаг, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх зэрэг зорилтод бүлэгт хамаарах малчин өрхүүдэд хуваарилан хүргэх ажлыг зохион байгуулж, малчдад туслах сайн дурын хандивын аянд нэгдсэн бүх аж ахуйн нэгж, иргэдийг алдаршуулан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, олон нийтэд эерэг зөв мэдээлэл хүргэх, малчдад сэтгэлийн дэм өгөх ажлыг зохион байгуулах гэнэ.
Хөдөө орон нутагт мал их хэмжээгээр хорогдож, цас зуд, отор нүүдлийн улмаас малчид туйлдан, эрүүл мэнд, амьжиргааны нөхцөл байдал нь хүндэрсэн энэ үед бидний чин бидний чин сэтгэлийн туслалцаа тэдэнд хэрэгтэй байгаа учраас Хөвсгөлчүүдийг малчдаа дэмжих "Нэг сэтгэл” хандивын аянд нэгдэн бие биедээ сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж, цаг зуурын хүндрэлийг даван туулахад хамтдаа байж, нэгдэн нягтарч, эх оронч санал, санаачилга гарган хамтран ажиллахыг уриалсан ажээ.
Б.Гантуяа