Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гавьяат эдийн засагч А.Шайзаныд зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-22 17:51:38

Ховд/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ховд аймагт албаны хүмүүсийн хамт хүрэлцэн ирэхэд аймгийн Нисэх онгоцны буудал дээр тус аймгийн удирдлагууд,иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөл хүлээн авлаа. Энэ өдөр Ховдоос Баян-Өлгийд ажиллах байсан боловч Баян-Өлгий аймагт цас үргэлжлэн орж ажлын айлчлалд өөрчлөлт орж Ховд аймагт бүтэн өдөр ажиллахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын хамт Монгол Улсын  ХЗДХЯ-ны сайд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Эрчим хүчний сайд П.Ганхүү нарыг Ард Аюушийн талбайд Цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж угтсаны дараа аймгийн ЗДТГ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд аймгийн засаг дарга Д.Галсандондог хүлээн авч уулзан, нийгэм эдийн засгийн танилцуулга хийж, харилцан ярилцлаа. 

Уулзалтын дараа Ерөнхий сайд албаны хүмүүсийн хамт Ховд аймгийн Ховд суманд айлчилж, казак түмний наурызын баярын бөхийн барилдаан тус сумын Соёлын төвд болж байх үеэр хүрэлцэн очлоо. Казак түмний үндэсний баяр хаврын баяраа тэмдэглэж байгаа казах иргэд үндэсний хувцсаар гоён  баяр хүргэж угтан авлаа.

Ерөнхий сайд Ховд сумын ард иргэдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс наурыз баярын мэндчилгээ дэвшүүлж, Ховд сумын Дунд ус багийн иргэн Монгол Улсын гавьяат эдийн засагч А.Шайзан гуайнд зочиллоо. Гавьяат эдийн засагч А.Шайзан тус аймагт удирдах албайн тушаал эрхэлж байсан, тэргүүний сэхээтнүүдийн төлөөлөл юм.

Үүний дараа Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ажилтай танилцаж, аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

А.Бямбасүрэн

Related news