Иргэд С.Зориг агсны хэргийн талаар их сонирхож асуужээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржоор ахлуулсан шүүхийн ажлын хэсгийнхэн Хөвсгөл аймагт ажиллаж, Шүүхийн үйл ажиллагаа, шүүгч ажилтны ажиллах нөхцөл байдалтай танилцан, санал хүсэлтийг нь сонслоо.
Мөн орон нутгийн иргэдтэй уулзалт хийж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийж хэрэгжүүлж буй ажлуудаа тайлагнан, шүүхийн үйлчилгээний талаарх иргэдийн санал сэтгэгдлийг сонсон, харилцан ярилцав. Энэ үеэр иргэд Шүүхийн байгууллагын үйл ажиллагаа нээлттэй болж байгаад талархаж буйгаа С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлыг ихээхэн сонирхож байв. Мөн шинээр гарч буй хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах арга хэмжээ орон нутагт дутагдалтай байгааг хэлж байлаа.
Уулзалтанд 350 гаруй иргэд оролцож, шүүхийн үйлчилгээний талаар санал хүсэлтээ илэрхийллээ. Энэ үеэр Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд хоймор нутгийн уугуул Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид нутаг орноо дуурсган хууль хяналтын байгууллагад нэр төртэй ажиллаж буйг үнэлэн аймгийнхаа дээд шагнал болох “Хөвсгөлийн алдартан” медалийг гардуулан өгч ажлын амжилт хүсч байлаа.
Б.Гантуяа