“Дархан үр” аймгийн дэд хөтөлбөр хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн “Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан үр тариа, төмс, хүнсний ногооны үрийн сорт, чанарыг сайжруулах зорилгоор боловсруулсан “Дархан үр” аймгийн дэд хөтөлбөрийг хэлэлцэж батлав.
Тус аймагт үр тариа, төмс, хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг хөгжүүлж жил бүр тогтвортой арвин ургац авах үндсэн нөхцөл нь сайн чанарын үрээр хангаж уриншийн боловсруулалтыг сайжруулах, гол таримал болох улаан буудай, төмс, хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж өөрчлөн зохион байгуулах шаардлагатай гэж тус салбарын мэргэжилтнүүд үзжээ.
Аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үндсэн чиглэлд өрхийн тариаланг өргөжүүлж хөгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүнсний ногоог дахин боловсруулах үйлдвэрийг байгуулах зорилт тавиад ажиллаж байна гэж аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд ярилаа.
Б.Норовсамбуу