Энэ сарын 15-нд Бүх нийтийн марафон гүйлт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-13 21:20:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-нд “Монгол цэрэг-96” бүх нийтийн марафон гүйлт Баганат талбайгаас 10 цагт болох бөгөөд өдөр Улсын тэргүүний анчин С.Шаравын нэрэмжит ангийн бууны буудлагын нээлттэй тэмцээн болохоор болжээ. Тус арга хэмжээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд болж байна.

Аймгийн Засаг даргын нэрэмжит Зэвсэгт хүчний анги, салбарууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын марш тактикийн тэмцээн энэ сарын 10-нд эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус тэмцээн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэй албан хаагчдын цэрэг-спортын “Буухиа” тэмцээн, Нутгийн удирдлагын ордонд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын албан хаагч, ажилтнуудын дундах буудлага, цэрэг-спортын “Буухиа” тэмцээнээр үргэлжлэн өчигдөр дүнгээ гаргасан байна.

Харин өнөөдөр Хуулийн болон хууль сахиулах байгууллагуудын “Хамтын ажиллагааг сайжруулах нь” зөвлөгөөн болсон бөгөөд марш тактикийн тэмцээнд оролцогчдын буудлагын тэмцээн маргааш болно. Мөн энэ сарын 16-нд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын нэрэмжит сагсан бөмбөг, ширээний теннисний тэмцээн Баянхонгор аймгийн БТСГ-т болох юм байна. Үргэлжлээд, энэ сарын 17-нд Үндэсний бөхийн барилдаан /цолгүй, төрийн албан хаагч 64 залуу бөхийн барилдаан/, Баярын хурал, хүндэтгэлийн концерт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох юм байна. Мөн өдөр Баянхонгор цэргийн хүрээний оройн нэгдсэн тооллого болсноор баярын үйл ажиллагаа өндөрлөх аж.

                                                                                                                      Б.Мөнхзул

Related news