Буян хураах аялал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-13 20:47:15

Баянхонгор /МОНЦАМЭ/. Шиний 15 буюу Сар шинийн буян хураах өдрийн шашин урлагийн арга хэмжээ Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумнаа боллоо. Тус арга хэмжээ шашин, урлагийн арга хэмжээнээс гадна байгалийн дурсгалт газруудтай танилцдагаараа онцлог.

Арга хэмжээг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Эрдэнэцогт сумын ЗДТГ, Соёлын төв, Пандичойнхорлин хийд хамтран зохион явуулсан байна. Аялагчид болон арга хэмжээнд оролцогчдод зориулж Эрдэнэцогт сумын Пандичойнхорлин хийдийн лам хуврагууд шашны томоохон хурал болох Мандал өргөж, хийморийн сан, буян хишгийн даллага, Цагаан шүхэрт, Жанлав цогцол, Цэнд, Нутгийн сан тавьснаас гадна Гачэн ламын 9-р дүр Гачэн Чогбрүл Ринбочэ сүсэгтэн олонд зориулж бурхан шашны талаар сургууль номлол айлджээ.

Мөн сумын соёлын төв, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид арга хэмжээнд оролцогчдод уран бүтээлийнхээ дээжээс толилуулснаас гадна аяллын дундуур танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн явуулж 1 аялагч ирэх жилийн буян хураах аялалд аялах эрхийн бичгээр шагнуулсан байна. Аялагч нар Шатар чулуун хөшөө цогцолборыг үзсэнээр аяллын үйл ажиллагаа өндөрлөсөн байна.

                                                                                                           Б.Мөнхзул

Related news