Н.Анхбаяр:МАА-ын салбарыг дэлхийд өрсөлдөх чадвартай болгох тулах цэг нь малын эмч нар

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-13 19:40:30

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Н.Анхбаяртай уулзаж хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг малын эмч хүний ажлын онцлог, энэ салбарт тулгамдаж буй асуудал, шийдэх гарцын талаар цөөн хором ярилцсанаа хүргэе. 

-Сайн байна уу? Таныг удам дамжсан малын эмч хүн гэж сонслоо.

-Тийм ээ. Миний өвөө Чимэд  гэж малын эмч хүн байсан юм. Би бага байхаасаа л эмч болохыг мөрөөддөг хүүхэд байлаа. Тэгээд хүний эмч болох уу?, малын эмч болох уу? гэсэн сонголт ирэхэд өвөөгийнхөө мэргэжлийг өвлөхөөр шийдэж, малын эмч болж байлаа. Энэ сонголт маань ч буруудаагүй гэж боддог. Удам дамжсан малын эмч мэргэжлээрээ бахархаж явдаг. Мэргэжил бүхэн сайхан. Гагцхүү мэргэжилдээ эзэн байх нь л хамгийн чухал юм шүү дээ. Малыг ч тэр хүнийг ч тэр оношлож,  үр дүнд хүрнэ гэдэг гайхалтай зүйл.  Хүнс эрүүл бол хүн эрүүл гэж ярьдаг даа. Малын эмч мэргэжил бол мэдрэмж шаардсан нарийн мэргэжил. Хэн хүссэн нь малын эмч болохгүй шүү дээ. Миний хувьд мэргэжилдээ эзэн байх гэж үргэлж хичээдэг. Тиймдээ ч 18 жил энэ мэргэжилдээ үнэнч ажиллаж байна.

- ХАА-н салбарт 18 жил ажиллаж байна гэлээ. Манай аймгийн мал аж ахуйн салбарт тулгамдаж буй ямар асуудлууд байгааг та сайн мэдэх байх?

-Салбар бүрт тулгамдаж буй олон чухал асуудал байдаг. Үүнтэй адил мал аж ахуйн салбарт ч мөн  тулгамдсан  асуудлууд бий. Манай орон бол мал аж ахуйгаасаа хамааралтай орон юм шүү дээ.  Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг мал аж ахуй дангаараа хангаж байна. Манай аймгийн 18 сум тус бүрт хувийн мал эмнэлгийн 56 аж ахуйн нэгжийн 120 гаруй малын эмч ажиллаж байна. Эдгээр мал эмнэлгүүд сумын Мал эмнэлэг үржлийн тасгаасаа аргазүйн зөвлөгөө авч ажиллаж байгаа. Энэ бол хангалтгүй тоо юм. Хүнээ эрүүл байлгахын тулд малаа эрүүл байлгах тал дээр төр засаг онцгой анхаарах хэрэгтэй байна. Малаа эрүүл байлгах гол үндэс нь мал эмнэлэг, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг онцгой анхаарах явдал юм. Манай аймгийн хэмжээнд мал эмнэлгүүдээ төсөл хөтөлбөрт хамруулах арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байгаа ч эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, малын эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх тал дээр хангалттай анхаарал тавьж чадахгүй байна. Миний хамгийн том зорилго бол  өнөөдрийн мал эмнэлгийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх явдал. Гэвч бид улс орны төсөв санхүүгийн хүндрэл бэрхшээлээс үүдэн санаандаа хүртэл ажиллаж чадахгүй л байна. Хэнтий аймгийн мал эмнэлэг, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалтаар жилд 350-380 сая төгрөгийн санхүүжилт олгодог. Энэ тийм ч хангалттай тоо биш юм. Малын удмын сан, малын эрүүл мэндтэй холбоотой хуулийг өнөөгийн нөхцөл байдалд тохируулан шинэчлэх, малчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай байна.

- Энэ чиглэлээр та бүхэн ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж ирсэн бэ?

-Бид зорилгодоо хүрэхийн тулд төр засгийг хараад суулгүй алхам алхмаар урагшилж л байна. 2000-2001 онд Улаанбаатар хотын Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Вируслогийн тэнхимд ажиллах хугацаандаа үхрийн лейкоз өвчний шалтгааныг судлах ажлыг хийж байсан. Доктор, профессор Пүрэвцэрэн, төрийн соёрхолт Ж.Бэх-Очир нарыг дагалдан бүх аймгуудаас холбогдох дээжийг цуглуулан, оношлогоо шинжилгээг гардан хийж,  Монгол орныг үхрийн мялзан өвчнөөр тайван гэсэн баталгааг гаргах ажлыг хийж гүйцэтгэснээр Олон улсын хэмжээнд уг өвчнөөр тайван гэдгийг батлуулж чадсан. Дараа нь 2001-2005 онд аймгийн Засаг даргын Тамгын газарт Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан түшмэл, ХХААГ-н даргын үүрэгт ажлыг гүйцэтгэх хугацаандаа аймгийн “Мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангах” бодлогын бичиг баримт, “Малын эрүүл мэнд”, “Мал сүргийг ган зудаас хамгаалах”, “Хоршоог хөгжүүлэх” зэрэг аймгийн дэд хөтөлбөр, “Аймгийн сайн малчин, тариаланч, ногоочин” шалгаруулах журмыг аймагтаа санаачлан боловсруулж, баг хамт олноороо хичээнгүйлэн ажилласнаар аймаг орон нутгийн Хөдөө аж ахуйн салбарт ахиц дэвшил гарсан гэж боддог. Тухайлбал:  Жил бүр малын өвчлөл 5.6-10.8 хувиар буурсан, хоршоодын үйл ажиллагаа идэвхжиж, тэдгээрт орох хөрөнгө оруулалт өмнөх жилүүдээс нэмэгдсэн. Ингэснээр аймгийн хэмжээнд Мал сүргийг ган зудаас хамгаалах санг анх бий болгож, 53.0 сая төгрөгийн нөөцийг бүрдүүлэн, шаардлагатай сумдад тусламж хэлбэрээр олгож байна. Энэ нь цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлыг хохирол багатай даван туулах боломжийг бий болгож байгаа юм. Яриад байвал хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөсөн олон ажил байна. Мал аж ахуйн салбарыг дэлхийд өрсөлдөх чадвартай болгох тулах цэг нь малын эмч нар юм шүү дээ. Тиймээс салбараа дэлхийн жишигт хүргэхийн тулд малын эмч нараа чадавхжуулах, мал эмнэлгийн үйл ажиллагаанд дэвшилт гаргах олон арга хэмжээг санаачлан, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Д.Одонтунгалаг

Related news