Н.Нямсүрэн: Соёлын өв бол биднийг монгол хүн, монгол үндэстэн байлгадаг чухал өгөгдөхүүн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-09 14:45:16

Хэнтий /МОНЦАМЭ/. Шинэхэн албанд саяхан томилогдоод буй Хэнтий аймгийн музейн захирал Н.Нямсүрэнтэй уулзаж ярилцлаа.

Тэрбээр Монгол улсын их сургуулийг Антропологич-Археологич, УТБА-ийг Улс төр судлаач, Төрийн удирдлагын менежер, Санхүү бизнесийн “Жонон” Дээд сургуулийг бизнесийн ухааны магистр зэрэгтэйгээр тус тус дүүргэсэн нэгэн. УИХ-ын гишүүний орон нутаг дахь биет төлөөлөгч, аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан, Аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн менежер зэрэг албыг хашиж байсан. "Хүн төрөлхтний түүх, соёлын өвийг судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий мэргэжлээрээ ажиллах боломж олдсонд баяртай байна" гэсэн түүний сэтгэгдлээр бидний яриа эхэлсэн юм.

-Хэнтий аймгийн музейн хамт олны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол оо? Хөдөө гадаа их явж судалгаа шинжилгээ нэлээд хийдэг гэж сонссон. 

-Ерөнхийдөө ихэнх хүмүүс Музейг хүнд үзмэрээ үзүүлээд тайлбарлаад л ажил багатай сууж байдаг гэсэн буруу ойлголттой байдаг. Хэнтий аймгийн Соёлын өвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн сан манай Музейд төвлөрөн ажилладаг. Музейн үндсэн чиглэл бол Түүх, соёлын биет болон биет бус өвийг судлах, сурталчлах, хадгалан хамгаалах талаар ажил хэрэгжүүлэх, хүн ард хүүхэд багачуудад боловсрол олгох, нэг ёсондоо хүмүүсийн оюуны хэрэгцээг хангах юм. Соёлын өв гэдэг бол бидний өвөг дээдсийн түүхэн замналын ул мөр, гэрч нь, биднийг Монгол хүн, Монгол үндэстэн байлгадаг чухал өгөгдөхүүн нь шүү дээ. Тиймээс бидний өдөр тутмын ажил соёлын өвүүдээ бүртгэн баримтжуулах, олон зууны түүхийг хүүрнэх Музейн үзмэр, эд өлгийн зүйлсийн хадгалалтанд анхаарч, угсаа гарвал түүхийг нь баримт, сурвалжид тулгуурлан судлах, ард иргэддээ нээлттэй үйлчлэхээс л эхэлдэг. Түүнээс гадна Хэнтий аймгийн Сэцэнханы ордон Музей нь Засгийн газрын тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад орсон онцгой объёктод ордог учраас ажлын хариуцлага, мэдлэг чадвар шаарддаг онцлогтой.

Хөдөөгүүр их ажилладаг тухайд хаан Чингисийн өлгий нутгийн олон мянган түүх, соёлын дурсгалыг бүртгэн баримтжуулж, судлах, хамгаалах ажлыг чинь бид хийдэг юм шүү дээ. Жил болгон шинэ дурсгалт газруудыг нээн илрүүлэх, бүртгэх ажил хийгдэж, улсын болоод аймгийн Түүх соёлын өвийг тусгай хамгаалалтад оруулах ажил хийгддэг. Үүнд мэргэжлийн ур чадвар их шаардагддагийг энд хэлэхийг хүсэж байна.   

- Өнгөрөгч гал бичин жилийг музейн хамт олон ямар амжилтаар үдсэн бэ?

-Миний хувьд ажлаа хүлээн аваад удаагүй байгаа. Гэхдээ манай хамт олон Хэнтий аймгийн түүх, соёлын хөдлөх хийгээд үл хөдлөх дурсгал, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, аймгийн үзэсгэлэнт байгаль, аялал жуулчлалын эвент үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шинжлэх ухааны ул суурьтай агуулсан “Хан Хэнтийн өв соёлын дээжис” хэмээх ном бүтээсэн, Орон нутаг судлах музейн Үзэсгэлэнгийн, Байгаль, Түүх, Боловсролын танхимуудыг байгууллагын төсөв, санхүү, материалын нөөц бололцоонд  тулгуурлан засварлаж, үзүүллэг дэглэлтийг шинэчилсэн, Музей үзэгч иргэд, хүүхэд багачуудад зориулан Орон нутаг судлах музейд “Боловсролын танхим” шинээр байгуулсан.

Сүхбаатар аймгийн музейтэй хамтран “Батноров-Дарьганга хийц” түр үзэсгэлэн гаргасан, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг музейд хөгжүүлэх зорилгоор Сэцэн ханы ордон музейд байрлах Чингис цогцолборын мэдээллийн төвд бэлэг дурсгалын бүтээгдэхүүн борлуулах цэгийг бий болгосон, Сумдын соёлын төвийн Захирал, Орон нутаг судлах танхим хариуцсан ажилтан нарт сургалт зохион байгуулсан, “Музей ба хөгжил чуулган-2016" улс, аймгийн музейн ажилтнуудын сургалт, спортын нэгдсэн арга хэмжээг Хэнтий аймгийн Чингис хотноо амжилттай сайн зохион байгуулсан гэх мэт олон ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн байна.

-Музейн үзмэр дурсгалын харуул хамгаалалт стандартын түвшинд байж чадаж байна уу? Тулгамдаж буй нэн шийдүүлэх шаардлагатай ямар асуудлууд байна гэж та харж байна?

-Манай Сэцэн ханы ордон, Орон нутаг судлах музей нь дохиоллын иж бүрэн техник төхөөрөмжөөр хангагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх дохиоллын нэгдсэн системийг 2014-2015 онуудад БСШУСЯамны хөрөнгө оруулалтаар тавьсан. Музейн харуул, хамгаалалтын тал дээр хангалттай түвшинд байгаа гэж бид үздэг. Харин үзмэр эд, зүйлсийн хадгалалт хамгаалалтын хувьд стандартад тавигдсан шаардлагыг хангахгүй, зориулалтын бус сан хөмрөгийн өрөөнд үзмэр, эд зүйлээ хадгалж, үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогийн байдлаар Музейн сан хөмрөгт Түүхийн холбогдолтой 252 дэсийн 725 ширхэг, Археологийн холбогдолтой  34 дэсийн 89 ширхэг, Палеонтологийн холбогдолтой 13 дэсийн 18 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж байна. Зориулалтын бус сан хөмрөгийн өрөөнд дээрх үзмэр, эд зүйлсийг хадгалсанаар үзмэрийн насжилт хорж байгаа нь таагүй. Байр танхимын хувьд чанарын шаардлага хангахгүй боловч, бид дээрх үзмэр, эд зүйлсийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор гэрэл, дулаан, чийгшил хэмжигч аппаратуудаар 7 хоног бүр сан хөмрөгийн өрөөнд хэмжилт хийж, үзмэр эд зүйлийн хадгалалтын горимд ойртуулах арга хэмжээ авч ажиллаж байна.Түүнчлэн жилд 2 удаа ЗӨСТөв-өөр хортон шавьжнаас урьдчилан сэргийлэх ариутгал, устгалын ажлуудыг хийлгүүлдэг.

Орон нутаг судлах музейн хувьд тус музейн байрлаж буй барилга нь 1945 онд аймгийн анхны 7 жилийн сургуулийн зориулалтаар баригдсан бөгөөд 1987 оноос музей үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн барилга юм. Тус барилга нь хуучирч элэгдэлд орсон гэх зэрэг олон шалтгааны улмаас 2009 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга, техникийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр актлагдсан боловч өнөөдрийг хүртэл бид өөрсдийн боломжоор засвар хийж, үзмэр дэглэлтийг шинэчлэн соёлын өвийг олон нийтэд сурталчлах ажлыг явуулсаар байна.

Гэвч одоогоор бидэнд нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудал нь музейн барилгын халаалт хангалтгүй, танхимуудыг бүрэн халааж чадахгүй байгаагаас үүдэн музейд хадгалагдаж буй түүхийн ховор нандин үзмэр, эд өлгийн зүйлсийн хадгалалт хамгаалалтад сөрөг нөлөөлөл илэрч байгаа явдал юм. Бид дээрх асуудлыг холбогдох газарт уламжлан шийдвэрлүүлэх хүсэлтийг тавиад байна.

-Хэнтий аймгийн музейн үүх түүх, үзмэрээс манай уншигчдад сонирхуулбал?

-Манай байгууллага нь 1949 онд орон нутгийг судлах кабинет нэртэйгээр байгуулагдсан. 1982 онд Халхын Сэцэн ханы зуны ордноос үлдсэн 5 барилгыг сэргээн засварлан угсаатны зүйн музей болгон өргөжүүлсэнээр одоо Сэцэн ханы ордон музей, Орон нутаг судлах музей гэсэн 2 салбар музейтэйгээр үйл ажиллагаа явуулж, олон нийтэд үйлчилж байна.

Хэнтий аймгийн Сэцэн ханы ордон музей, Орон нутаг судлах музей нь нийтдээ шашны зан үйлийн, угсаатны зүйн, сэцэн ханы, ардын тоглоом наадгайн, түүхийн, байгалийн, алдартнуудын, ардчиллын, уран зургийн гэсэн үзүүллэгийн 10 танхимтай. Музейн сан хөмрөгт Хэнтий аймгийн түүх, шашин, угсаа нийтлэгийн онцлогийг харуулсан 2000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагддаг. Сэцэн ханы ордон музей нь Халхын угсаа залгамжилсан Сэцэн хануудын зуны ордонд байрладаг. Тус музейн цуглуулгад угсаа залгамжилсан Сэцэн хануудын эдэлж хэрэглэж байсан үнэт ховор эд зүйлс, Халх даяар алдартай хурдан хүлгүүдийг бий болгосон Хардэл жанжин бэйс, хүлэг шинжээч, өвгөн ноён Минжүүрдоржийн Пүрэвжавын хэрэглэж байсан эд зүйлс, түүний хялгасан бийрээр зурж үлдээсэн хурдан хүлгийн зурагнууд, ХХ зууны алдарт уран дархан Тожил хийцийн эд зүйлс, тус аймагт олноороо суурьшдаг Халх, Буриад, Хамниган угсаа нийтлэгүүдийн ахуй соёлыг харуулсан угсаатны зүйн үзмэрүүд, шашны эд зүйлс, үнэт ховор судар ном, бурхан шүтээнүүд хадгалагддаг. Орон нутгийг судлах музейн үзмэр бүтээл нь аймгийн түүх соёлын дурсгалт газрын зураг, уран зураачдын бүтээл, аймгийн үзэсгэлэн төгс байгалийн олдвор ан амьтан, жигүүртэн шувууд, ашигт малтмалын дээжис, Хэнтий нутгаас төрөн гарсан алдартнуудын намтар түүхийг харуулан дэглэгдсэнээрээ онцлогтой.

-Танай хамт олны энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, зорьсон ямар ажлууд байна вэ?

-Музей болон Орон нутгийн мэргэжлийн байгууллагатай хамтран түүх, соёлын дурсгалт газраа судалгааны эргэлтэнд оруулах, малтлага шинжилгээ хийхээр төлөвлөөд байна. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Улс, аймгийн музейн үзмэр, эд өлгийн зүйлийн сан хөмрөгийн нэгдсэн үзлэг тооллого-2017” ажил зохион байгуулагдана. Энэхүү ажлын хүрээнд аймгийн Музей болон сумдын Орон нутаг судлах танхимуудад хадгалагдаж буй олон мянган үзмэрийг нэг бүрчлэн хэмжиж, зурагжуулж тодорхойлон тоолж, программд оруулах, “Хан Хэнтий өв соёлын дээжис” номоо дахин хэвлүүлэх, Музейнхээ үзүүллэг дэглэлтийг шинэчлэн дэглэх гэх мэтчилэн олон ажлуудыг хамт олонтойгоо хамтран хийхээр төлөвлөөд, хэрэгжүүлж эхлээд явж байна.

-Аймгийн Музейгаар жилд хэр олон хүн үйлчлүүлдэг вэ? 

-Манай байгууллага жилд 7000 гаруй хүнд үйлчилдэг. Даваа гаригаас Бямба гариг хүртэл өдөр бүр 8-17 цаг хүртэл ард иргэддээ нээлттэй үйлчилдэг. Цаашид манай хамт олон музейнхээ үзмэр дэглэлтийг улам боловсронгуй болгож, Хэнтий аймагт Музейн байгууллага үүсэж, хөгжсөний 70 жилийн ойг угтсан бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөж буйгаа уншигч олондоо хэлэх нь зүйтэй болов уу.

Д.Одонтунгалаг

Related news