Биндэр сумын 10-р төгсөлтийнхөн сан байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Биндэр сумын арван жилийн сургуулийн 1973 оны 10-р төгсөлтийнхөн ангийн багш Ренчиндоржийн Бадамжав агсны нэрэмжит “Бадамжав сан”-г төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойгоор байгуулжээ. Сая төгрөгийн сантай байгуулагдсан тус сангаасаа жил бүр математикийн олимпиадад амжилт гаргасан сурагчиддаа шагнал олгож эхэлсэн байна.
Тус сангаас 2016-2017 оны хичээлийн жилд 5-12-р ангийн сурагчдын дунд математикийн түргэн бодолтын олимпиадыг зохион байгуулж, шинэ жилээр 24 сурагчид 192000 төгрөгийн мөнгөн шагнал олгосон бол саяхан болж өнгөрсөн Хэнтий аймгийн математикийн олимпиадад 1-р байр эзэлсэн сурагчид 10000, 2-р байр эзэлсэн сурагчид 8000, 3-р байр эзэлсэн сурагчийг 6000 төгрөгөөр тус тус шагнасан аж.
Биндэр сумын арван жилийн сургуулийн 1973 оны 10-р төгсөлтийнхөн ийнхүү сум сургуульдаа анх удаа сурагчдынхаа оюуны хөдөлмөрийг үнэлж урамшуулдаг болсон нь энэ юм.
Д.Одонтунгалаг