УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сонгогчидтойгоо эргэх холбоотой ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-03 19:34:18

Хэнтий /МОНЦАМЭ/. Улсын Их хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сар шинийн өмнөхөн өөрийфн тойрог болох Хэнтий аймгийнхаа Галшар суманд ажиллаж, "Эргэх холбоо 3" уулзалтыг зохион байгууллаа.

Энэ үеэрээ УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомжийг болон өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийж, ард иргэдтэй санал бодлоо солилцон, өөрийн ахалж ажилладаг Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн болон нутгийн зөвлөлөөс санаачилсан "МАЛЧИДДАА ТУСЛАЯ" аяны танилцуулга хийж, өвөлжилт хүндэрсэн малчиддаа тусламж үзүүллээ.

Мөн энэ үеэрээ орон нутгийн удирдлагууд болон төрийн үйлчилгээ үзүүлж буй төсөвт байгууллагуудаар ажиллаж, тэдний тулгамдсан асуудлуудыг сонсож, нэн тэргүүнд яаралтай шийдвэрлэх шаардлагатай Галшар сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийн асуудлыг хаврын чуулган эхлэхээс өмнө шийдвэрлэж өгөхөө амлалаа.

Уулзалтын төгсгөлд Улсын Их хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ XVII жарны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн босгон дээр "Алтан хурга"-ны эзнээр тодорсон тус сумын Сангийндалай багийн мянгат малчин Д.Энхтайванд шагналыг гардуулан баяр хүргэлээ.

Д.Одонтунгалаг

Related news