Гуравдугаар сард Хэнтийн хойд хэсгээр ахиу цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-03 19:19:51

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн нутгаар энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар 5-10 градус хүйтэн байх ба нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх аж.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст бага зэрэг дулаарч Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр Хэрлэн, Онон голын хөндийгөөр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Онон голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.

Энэ сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байгаа юм.

Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн зүүн хэсгээр, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй хэмээн аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Д.Одонтунгалаг

Related news