Чөлөөт бөхийн өсвөр үеийн аймгийн аваргууд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-21 22:48:51

Дархан-Уул / МОНЦАМЭ /.  Дархан сумын Засаг даргын нэрэмжит “Чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн” Дархан хотын “Спортын ордон”-д гурван өдөр үргэлжилж өндөрлөв.

Тэмцээнд тус аймгийн Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын 20 гаруй байгууллагын 350 гаруй тамирчин оролцож эрэгтэй 15, эмэгтэй 9 нийт 24 жинд 99 багц медалийн төлөө хурд хүчээ сорилоо. Ширүүн өрсөлдөөн дунд явагдсан тэмцээний нийлбэр дүнгээр 91 оноогоор Дархан сумын “Жигүүр” цогцолбор сургуулийн баг тэргүүн байр эзлэж мөн сумын “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн баг 81 оноогоор, Шарын гол сумын баг 76 оноогоор удаах байрт шалгарч алт ,мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Мөн “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар Орхон сумын С.Шинэхүү, “Шилдэг дасгалжуулагч”-аар Дархан сумын дөрөвдүгээр сургуулийн багш Ж.Ганболд нар шалгарав.

Эхний байрт шалгарсан тамирчдын 2017 оны тэмцээн уралдааны бүх зардлыг аймгийн Чөлөөт бөхийн холбооноос гаргахаар болж тэдэнд чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчидтай Улаанбаатар хотод хамтарсан бэлтгэл сургуулилт хийж улмаар Манжуурт аялах эрхийг бичиг олголоо.

                                                   Б.Норовсамбуу

Related news