Украин улс Оросын талаар ДХБ-д гомдол гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-02-14 11:28:26

ЛОНДОН. /BBC/. Украин улсаас Казахстан, Киргиз улсууд руу хийж буй экспортын бараа бүтээгдэхүүний дамжин өнгөрөх тээвэрлэлтэд ОХУ хязгаарлалт тавьсан явдлыг үнэлэх шинжээчдийн баг байгуулах шаардлагыг Украин улс Дэлхийн Худалдааны байгууллагад /ДХБ/ тавьжээ.

Украины Эдийн засгийн хөгжил, худалдааны яамны мэдээллээр, Оросын тавьсан хязгаарлалтын улмаас Украинаас Төв болон Зүүн Азийн орнууд руу хийж буй экспортын хэмжээ 2016 онд 38,3 хувиар буурчээ. Тухайлбал, Украинаас Казахстан руу хийж буй экспортын хэмжээ 79 хувиар буурсан бол Киргиз рүү хийх экспорт 95 хувиар багассан байна.

“Оросын худалдааны түрэмгийлэл, тэр дундаа Украинаас гуравдахь улс орнууд руу хийж буй дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хязгаарласан хууль бус үйлдэлд ДХБ-ын шинжээчид бодит дүгнэлт өгөх ёстой, мөн үүнийг хүчингүй болгох ёстой” гэж Украины худалдааны төлөөлөгч Наталья Никольская хэллээ.

Украин улс Оростой үүссэн худалдааны маргааныг зохицуулахын тулд өнгөрсөн онд ДХБ-д хандаж байсан ба тус байгууллагаас тогтоож өгсөн 60 хоногийн хугацаанд хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй юм. Ийм учраас Украины тал уг асуудлыг шийдвэрлэх дараагийн алхам буюу шинжээчдийн баг томилох шаардлагыг ДХБ-д тавьсан нь энэ ажээ.

Түүнээс гадна, Орос руу Украины барааг экспортлохыг хязгаарласан хоригийн талаар ДХБ-д мөн гомдол гаргахаар Украины тал төлөвлөж байгаа бололтой.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүний хариуд мэдэгдэхдээ "Орос улс байр сууриа хууль эрхзүйн аргаар цаашид хамгаалах болно" гэжээ.

“Энэ тохиолдолд болон үүнтэй төстэй тохиолдлуудад ОХУ-ын эрх ашгийг хамгаалах үүднээс хэрэглэх олон улсын эрх зүйд тусгагдсан аргууд бий” гэж тэрбээр дурдсан байна.

О.Барс

 

 

Related news