Д.Боуи Грэммийн 4 шагналыг хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-02-13 15:34:17

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Өнгөрсөн оны нэгдүгээр сард нас нөгчсөн Английн нэрт дуучин Дэвид Боуигийн хамгийн сүүлд гаргасан “Blackstar” цомог Грэммийн шагнал гардуулах 59 дэх удаагийн ёслолын үеэр “шилдэг альтернатив дууны цомог”-оор тодорлоо.

Энэ номинацид "Radiohead "хамтлагийн “A Moon Shaped Pool”, Игги Попын “Post Pop Depression”, дуучин Пи Жей Харвигийн  "The Hope Six Demolition Project” болон "Bon Iver" хамтлагийн “22, A Million” цомгууд өрсөлдсөн байна.

69 насандаа элэгний хорт хавдрын улмаас хорвоог орхисон Дэвид Боуигийн “Blackstar” дуу нь "шилдэг рок тоглолт” болон “шилдэг рок дуу”-гаар тус тус тодорчээ. “Шилдэг рок дуу” номинацид Radiohead хамтлагийн “Burn the Witch”, "Twenty One Pilots" хамтлагийн “Heathens”, "Highly Suspect" хамтлагийн “My Name Is Human” болон домогт "Metallica" хамтлагийн “Hardwired” гэсэн дуунууд өрсөлджээ.

Дэвид Боуи “дууны инженерийн классик бус цомгийн шилдэг бүтээл” номинацид “Blackstar” цомгоороо түрүүлснээр нэр дэвшсэн дөрвөн төрөлдөө бүгдэд нь ялагч боллоо. Түүний “Blackstar” цомгийн нүүр, хавтасны зургийг хийсэн Жонатан Барнбурк “цомгийн шилдэг загвар” шагналыг хүртсэн байна.

Б.Мишээл

 

 

Related news