Эрчим хүчний автоматжуулалтын иж бүрэн систем нэвтрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймаг дахь “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК эрчим хүчний салбарт анх удаа цахилгаан эрчим хүчний хяналт, удирдлага арилжааны автоматжуулалтын систем нэвтрүүлжээ.
Эднийх уг ажлын хүрээнд ухаалаг тоолуурын систем, диспетчерийн хяналтын систем, хяналтын камерын систем зэргийг цогцоор нь шийдэж чадсан байна. Мөн 2016 онд Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагаан нуур сумдад нийт 16,6 мянга гаруй ухаалаг тоолуурыг суурилуулжээ. Тус компанийн дэд захирал Б.Батжаргал:-“Манай компани 2016 онд хөрөнгө оруулалтын ажилд нийтдээ 7.2 тэрбум төгрөгийг зарцуулж бүтээн байгуулалтуудыг өрнүүлсэн. Өөрийн хөрөнгөөр өнгөрсөн онд 35/10(6)кВ-ын хоёр дэд станцыг шинээр барьж нэг дэд станцаа шинэчилж 35 кВ-ын 34 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 0,4 кВ-ын 116 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг дэвшилтэт технологиор барьж байгуулан хэрэглэгчдээ найдвартай эрчим хүчээр ханган ажиллаж байна.
Өнгөрсөн онд бид бас ажилчдынхаа цалинг 25 хувиар нэмсэн. Энэ онд бас л техникийн шинэчлэлд багагүй хөрөнгө зарж алдагдал бууруулах чиглэлд онцгой анхаарал тавьж ажиллана” гэв.
Б.Норовсамбуу