Сум, байгууллагын дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-16 17:32:22

Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондог саяхан сумдын засаг дарга нар болон байгууллагын удирдлагуудтай уулзаж, үр дүнгийн гэрээ байгуулж, батламжинд гарын үсэг зурлаа.

Энэ жил Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил. Тийм ч учраас гараа сайн бол бариа сайн гэдэг зарчмаар ажиллана гэдгийг уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог онцолж байсан юм. 

Сум байгууллагуудын дарга нартай байгуулж буй үр дүнгийн гэрээний гол зорилго нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, аймаг, сумын хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад чиглэгдлээ.

Мөн улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар худалдан авах хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, түүний тоо хэмжээ, чанар, үр дүнг тодорхойлох талаар аймаг сумын Засаг дарга нарын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх ажлын чанар, үр ашгийг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.

Уг гэрээнд талуудын харилцан хүлээх үүрэг, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилт, төлбөрийн нөхцөл, гэрээний биелэлтийг дүгнэх, үнэлэх болон бусад нөхцлийг тусгаж, гэрээний хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнг салбар бүрээр тодорхойлсон байна.

А.Бямбасүрэн

Related news