“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн дотоод журмыг шинэчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон аймгийн ИТХ-ын “Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хороо”-ны гишүүд аймгийнхаа ‘’Төрийн үйлчилгээний нэгдсэн төв’’-ийн ажил үйлчилгээтэй танилцав.
Төлөөлөгчид уг байгууллагын өдөр тутмын ажлын байдалтай танилцахын зэрэгцээ үйл ажиллагааны явц, үр дүн, цаашид анхаарах зүйл, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллагын удирдлагуудтай санал солилцлоо. Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тус төвийн үйл ажиллагааг сайжруулахад ихээхэн анхаарал хандуулна гэдгээ илэрхийлээд төвийн дотоод журмыг шинэчилж ялангуяа албан хаагчдын ажил үүргийн хуваарийг нарийвчлан тодорхойлж бусад аймгуудын ‘’Төрийн үйлчилгээний нэгдсэн төв’’-ийн үйл ажиллагаанаас туршлага судлан нэвтрүүлж дуу, дүрсний өндөр чанартай 24 цагийн дотоод хяналтын камержуулалт байрлуулах зэрэг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх үүрэг өглөө.
Мөн цаашид урсгал зардлын төсвийг шийдвэрлэж тулгамдсан асуудлыг аймгийн ИТХ, Засаг даргын үйл ажиллагааны бодлого чиглэлд тусгаж шийдвэрлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд ойр хүнд сурталгүй шуурхай хүргэхийг зорино гэв. Тус төвд аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар, Эрүүл Мэндийн газар, Нийгмийн Даатгалын хэлтэс, Иргэний бүртгэл, мэдээлэл, Эд Хөрөнгийн эрхийн бүртгэл, Хуулийн этгээдийн бүртгэл, Нотариат, Өр барагдуулах алба, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, ХААН банк зэрэг байгууллагуудын үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн ажиллуулж байна.
Б.Норовсамбуу