Увс нууранд 37 см цасан бүрхүүл тогтоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-23 15:54:27

Увс аймгийн найман гол, хоёр нуурын мөсжилтөд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас өдөр бүр ажиглалт судалгаа хийж байна.

Түргэн, Намир голуудын мөсний зузаан олон жилийн дунджийн орчим, Хархираа голын мөсний зузаан 45 см, Намир голын мөсний зузаан 31 см байгаа аж. Харин Баруунтуруун, Зүүнтуруун, Хангилцагийн голуудын мөсний зузаан олон жилийн дунджаас ахиу, Хариг, Сагил, Боршоо, Хандгайт голуудын мөсний зузаан олон жилийн дунджаас 20-30 см их байна. Тухайлбал Хариг голд 54 см, Боршоо голд 45 см зузаан мөс тогтоод байна. Эдгээр голууд дээр 5-10 см зузаан цасан бүрхүүл мөн тогтоод байгаа аж.

Одоогоор Хяргас нууранд мөсөн бүрхүүл тогтоогүй байгаа бол Увс нууранд 37 см зузаан мөсөн бүрхүүл тогтоод байна. Увс, Хургас нуурууд бүхэлдээ мөсөн бүрхүүл тогтох хугацаа ирэх 1-р сарын 20-оос 3-р сарын 20 хүртэл үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд ард иргэд мөсөн дээгүүр явахад ямар нэгэн аюулгүй байдаг аж. Хяргас нуурын мөс 4-р сарын сүүлийн 10 хоногт задардаг бол Увс нуур 5-р сарын хоёрдугаар 10 хоногт мөсөн бүрхүүлээсээ бүрэн чөлөөлөгддөг байна. Одоогоор Түргэн, Хархираа голууд дээр хачир гүйх үзэгдэл ажиглагдаж байгаа тул нутгийн иргэд голоор гарахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй аж. Гол, нуур бүрэн хөлдсөн эсэхийг жолооч нар сайн мэдэхгүйгээс болж автомашинтайгаа мөсөнд цөмөрдөг байна.

Увс аймгийн хувьд 10-р сарын сүүлээр голууд хөлдөж эхлэдэг бөгөөд хавар 3 сар хүртэл дээгүүр нь явахад аюулгүй байдаг байна.

Ус, цаг уур, орчны шинжилгээний албаныхан гол, нууруудын мөсний зузаанаас гадна мөсөн дээрх цасны зузааныг мөн хэмжиж хавар шар усны үер болох эсэхийг тооцоолдог аж.

Б.Батхүү

Related news