Хоёр настай хүүхэд угаартаж нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт өчигдөр өглөө орон нутгийн 7 цаг 45 минутад нэг айлын гурван хүүхэд, 2 том хүн угаартсан гэсэн дуудлага ирсэн байна.
Энэ дагуу өвчтнүүдэд яаралтай түргэн тусламж үзүүлж, улмаар сэхээний тасагт хэвтүүлэн эмчилжээ. Харамсалтай нь хамгийн бага болох хоёр настай хүүхэд угаартсаны улмаас нас барсан байна.
Он гарсаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт угаартсан дуудлага 46 иржээ. Нэг айл дунджаар 3-5 ам бүлтэй гэхээр угаартсан хүмүүсийн тоо харьцангуй их гарч байна.
“Угаарын дуудлага өглөө гурван цагаас эхлэдэг. Шалтгаан нь нүүрс хийсний дараагаар нойтон цас орох юмуу, эсвэл тухайн айл нүүрсээ дутуу шатаах, сойлтоо татахгүй орхих, жаахан хүүхэд нүүрс хийх зэргээр гал түлэхдээ аюулгүй байдал хангаагүйгээс үүдэн угаартаж байна” хэмээн аймгийн НЭ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн их эмч хэллээ.
Гэр бүлийн хоёр хүн угаартаж нас барсан хэрэг Улаангомд саяхан бас гарсан юм.
Б.Батхүү