Булганыхан малаа 56 мянгаар өсгөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-20 18:55:13

Булган аймаг 3 сая 279 мянга 4 зуун мал тоолууллаа. Энэ нь өнгөрсөн оныхоос 56 мянгаар өссөн дүн юм.

Аймгийн хэмжээнд адуу 261,6 мянга тоолуулсан нь өнгөрсөн оныхоос 2,6 мянгаар, үхэр 275,7 мянга байгаа нь 5,8 мянгаар, тэмээ 1,1 мянга тоолуулсан нь 20 тоо толгойгоор хорогджээ. Харин хонь 1751,2 мянга болсон нь өнгөрсөн оны мал тооллогоос хойш 54,3 мянгаар, ямаа 989,7 мянга байгаа нь 10,8 мянгаар өссөн байна. Булган аймгийн Могод, Орхон, Хишиг-Өндөр, Баян-агт сумдууд малаа хамгийн ихээр өсгөсөн бол Дашинчилэн 8,3 мянгаар малын тоо толгойгоо хорогдуулсан нь хамгийн их малын хорогдолтой сум болжээ.

Мал тооллогын ажилд аймгийн болоод сумдын засаг дарга нарын нөөц хөрөнгөөс нийт 19,3 сая төгрөгийн төсөвт өртөг гаргаж, 660 алба хаагч, 120 автомашин ажиллалаа. Тооллогын явцад ямар нэгэн хүндрэл саад бэрхшээл, ноцтой зүйлс гарсангүй гэсэн мэдээллийг аймгийн Статистикийн хэлтсийн дарга М.Мөнхбат өглөө.

                                                                                                                                                                  П.Батням

Related news