Аймгийн удирдлагууд Чандмань-Өндөр суманд ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн зарим нутагт өвөлжилт хүндэрч буйтай холбогдуулан аймаг орон нутгийн удирдлагууд хөдөө орон нутагт ажиллаж байна.
Аймгийн удирдлагууд Чандмань-Өндөр суманд ажиллаж тус сумын төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж цаг үеийн мэдээ мэдээлэл өгч иргэдийн асуулт, санал, хүсэлтэд хариулт өглөө.
Уулзалтын үеэр иргэд арьс ширний үнэ авах гэж хоршооллын гишүүн болж мөнгө өгөх нь хүндрэлтэй байна, эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагаа, хөнгөлөлттэй эмийн олголт, эрүүл мэндийн даатгалын үр ашиг иргэдэд хүрэхгүй байгаа тухай, малчдын хүүхдийн "Хүүхдийн мөнгө" мөнгийг олгож өгөх ямар бололцоо байна, орон нутагт "Боловсрол бирж"-ээр дамжуулан багш сонгон шалгаруулж авах нь оновчтой биш байгаа тухай, малын хулгай, гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд анхаарах, шүдний өвчнийг орон нутагт эмчлэх тухай зэрэг асуудлуудыг тавьж байв. Ажлын хэсгийнхэн чиглэл чиглэлээрээ хариулт өгч 12 жилийн сургууль, цэцэрлэг 2-ын дунд гүний худаг гаргаж өгөх ажлыг газар дээр нь шийдвэрлэж өглөө.
Уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар, Иргэний бүртгэл, оюуны өмчийн газрын дарга М.Очирхуяг, Татварын хэлтсийн дарга Ч.Хуншагай, Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр, Чандмань-Өндөр сумын удирдлагууд оролцлоо.
Б.Гантуяа