Чөлөөт бөхийн хүүхдүүд 14 жинд өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-20 00:03:30

Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл дор тус аймгийн ерөнхий боловсролын сургуулүиудад хэрэгжиж байгаа “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын Дөрөвдүгээр сургуульд “Чөлөөт бөхийн дугуйлан” хичээллэж эхэлсэн.

Тус дугуйланд хичээллэж байгаа 4-12 дугаар ангийн 86 хүүхдийн дунд сургуулийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрөв. Нийт 14 жинд хүч үзсэн уг тэмцээнийг аймгийн “Чөлөөт бөхийн холбоо”-ноос дэмжлэг үзүүлсэн байна. “Cпортын бүх төрлөөр хүүхэд нэг бүрийг хичээллүүлж хөдөлгөөнөөр дамжуулж эрүүл зөв амьдралын дадлыг бий болгох зорилго тавьж байна” гэж сургуулийн захирал Г.Дамдинхүү хэлэв.

Цаашид алслагдсан гэр хорооллын хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж нөхцлийг бий болгох үүднээс Дархан сумын 1, 15, 18, 16 дугаар сургуулиудад дэвжээ нээхээр чөлөөт бөхийн холбооноос төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Тус аймаг энэ онд чөлөөт бөхийн амжилтаар дүүрэн байж Дархан-Уул аймгийн тамирчин Г.Отгонцэцэг Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн бол мөн аймгийн “Чөлөөт бөхийн холбоо”-г Монголын ЧБХ-ноос шилдгээр шалгаруулж “Цагаан сүлд” одонгоор шагнажээ.

                                                                                                                                                   Б.Норовсамбуу              

Related news