Д.Оюунбилэг: Хүүхэд хамгааллын багууд тарахад хүрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Түр хамгаалах байранд 70 настай эмэгтэй толгой хорогдож байна. Түүний гэр бүлд архины хамааралтай болсон хүн байдаг тул гэртээ байх боломжгүй болжээ. Гэртээ орохоор агсам тавьдаг, архины мөнгө нэхэх, гэрээсээ хөөж туух, зарим үед гар хүрч зоддог учраас тэрээр түр хамгаалах байранд ирээд 19 хоног болж байна. Энэ хугацаанд Булган аймгийн Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтсийн хамт олон түүнд гэрээсээ хоол хүнс зөөж өгч байна.
Булган аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хэлтсийн дарга Д.Оюунбилэгтэй гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар ярилцлаа
-Улсын хэмжээнд тулгамдаад байгаа гэр бүлийн хүчирхийллийн асуудал Булган аймагт хэр байна, хэрхэн шийдвэрлэж байна?
-Мэдээж бүхэл бүтэн аймаг юм чинь тодорхой хэмжээгээр байлгүй яахав. Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн хувьд өнгөрсөн онд "гэр бүлийн асуудал" гэсэн чиг үүрэг нэмэгдсэн байгаа. Тиймээс хүүхдийн эрхийг хангах, хамгаалах асуудлыг гэр бүлд суурилсан бодлогоор зохицуулах хэрэгтэй гэсэн хандлага нэлээдгүй яригдаж байгаа. Бидний хүүхэд хамгааллын ажлын хүрээнд хийдэг гол сургалт, сурталчилгаа мэдээллийн ажлын нэг хэсэг бол гэр бүлийн хүчирхийллийн асуудал байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйлийг дан ганц хүүхдийн байгууллага, цагдаа, шүүх зохицуулаад амжилтанд хүрдэггүй. Үүнтэй тэмцэнэ гэдэг бол багаараа хамтарч байж үр дүнд хүрдэг ажил гэж хувь хүний зүгээс би хардаг юм. Өөр бусад гэмт хэрэг зөрчлөөс ялгаатай нь гэр бүлийн хүчирхийлэл бол далд хэлбэрт байдаг, даамжирдаг, дахин үйлдэгддэг гэсэн гурван "Д"-ээр томьёологддог, ажиллахад бэрхшээлтэй байдаг. Гэхдээ бид шалтаг шалтгаан тоочих биш, нарийн гаргалгаануудыг гаргаж ажиллаж байна.Тухайлбал гэр бүл хүчирхийллийн асуудлаар хүүхэд хамгааллын талаар хэрэгжээд байгаа загваруудыг нэлээн ашигладаг.
-Сумдад хэрхэн хүрч ажиллаж байна?
-Бүх сумдад хүүхэд хамгааллын баг ажиллаж байгаа. Тус хамгааллын багт цагдаа, эрүүл мэндийн төлөөлөгч, сум сургуулийн нийгмийн ажилтан, багийн засаг дарга нар харьяалагддаг. Тэд тухайн нутаг дэвсгэрийхээ иргэдийн ажиллаж амьдрах аюулгүй байдлыг хангах үйлсэд баг болж ажилладаг бүтэц юм. Харамсалтай нь сонгуулийн тогтолцоогоор 4 жил мэргэшиж байсан багийн гишүүд маань солигдож байна. Хүүхэд гэр бүл хүчирхийллийн эсрэг бэлтгэгдсэн мэргэшсэн мэргэжилтэн, мэргэшсэн баг бүрдүүлж авна гэдэг бол хүч хөрөнгө зарцуулж байж хийгддэг ажил учраас хүссэн хүсээгүй сонгуулийн, нэг нам солигдсоноос болж ажил албан тушаал нь солигдож, тухайн багууд маань тарахад хүрж байгаад маш их харамсаж байна.
-Тэгэхээр энэ багийг дахин бүрдүүлэх үү?
-Боломж бололцоогоороо багуудаа хадгалж үлдэхийг хичээж байгаа боловч шинээр багаа бүрдүүлэх шаардлага гарвал бүрдүүлнэ. Яагаад гэвэл энэ баг сумдад ажиллах нь хүчирхийлэл гарч болох олон эрсдлээс сэргийлдэг. Тухайлбал нэг хүчирхийлэл гарлаа гэхэд цагдаа нь хуулийн чиглэлээр, нийгмийн ажилтан нь сэтгэлзүйн зөвлөгөө, эмч нь эрүүл мэнд бие махбодын нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлж байдаг.
-Голцуу ямар хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна? Мөн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүс нь ямар хүмүүс байна вэ?
-Судалгаанаас харахад аймгийн хэмжээнд ер нь ажилгүй, орлогогүй, архинаас хамааралтай гишүүн гэр бүлд нь байдаг тийм айлд гэр бүлийн маргаан үүсдэг. Мөн хойд эцэг эх, дагавар хүүхэдтэй айл, хоёрдахь амьдралаа зохиож байгаа хүмүүс ихээхэн хамаарагдаж байна. Хүчирхийлэлд хэн ч өртөж болно шүү дээ. Бага насны хүүхэд ч байна, 70 настай өндөр настан ч байна.
-Гэр бүлийн хүчирхийллийн тоог нэмэгдүүлэхгүй байхын тулд цаашид ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн болоод ТББ, сумдад ажиллаж байгаа багууддаа сургалт, аргазүйн зөвлөгөөгөөр хангах, аймагт ажиллаж байгаа Хууль зүйн хороог улам сайн идэвхжүүлэх, зөрчил маргаан, хүчирхийлэл гарсан тохиолдол бүр дээр энэхүү хороог ажиллуулах, үнэлгээ хийх, аль чиглэлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авах, яаж таслан зогсоох, хамгаалах, нууцыг нь хэрхэн хамгаалах зэрэг асуудлуудыг нэгбүрчлэн хэрэгжүүлж ажиллаж байна, цаашид ч бүр боловсронгуй болгож ажиллахаар төлөвлөж байна. Мөн хууль тогтоох эрх бүхий албан тушаалтнууд хүчирхийлэл гараад хүн нас барахад л сенсааци дэгдээж гэр бүлийн хүчирхийллийн хуулийг хэлэлцдэг, тэгснээ хугацаа өнгөрөх хэрээр мартдаг. Тиймээс энэ хууль хурдан батлагдаасай гэж чих тавьж сууна. Энэ хууль батлагдах ёстой, гэр бүлийн хүчирхийлэл бол хэрэг зөрчил биш, гэмт хэрэг юм шүү, хуулийн хариуцлагыг нь тодорхой заагаад өгчихвөл хүчирхийлэгчийн эрх чөлөө хүчирхийлүүлэгчийн гутлын өсгийгөөр хязгаарлагддаг юм байна гэдгийг тэд ойлгох ёстой. Учир нь хүчирхийлэгч бүр сэтгэцийн өвчтэй биш шүү дээ, эрхзүйн акт хууль нь л дутаад байна даа.
П.Батням