Цэцэг өвчин Гурванбулагт нэмж гарсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-19 19:28:10

Булган аймгийн Могод суманд хонины цэцэг өвчин нэмж гарах нь зогссон. Харин Гурванбулаг суманд нэмж гарсаар байна.

Тус сумын  Агтын голд 812, Тогоо багт 775, нийтдээ 1587 хонь устгаад байна. Могод суманд 6773, Гурванбулагт 6194 хонь тус тус вакцинжууллаа. Нөөцөд байсан вакцинаа авч хэрэглээд дууссан, шинээр ирэхийг хүлээж байна. Вакциныг ОХУ-руу захиалсан бөгөөд хэзээ, хэдэн төгрөгний үнэтэй, хичнээн вакцин ирж байгаа нь тодорхойгүй байна.

"Малын өвчин гарахад зөвхөн төр арга хэмжээ авах ёстой гээд суугаад байж болохгүй, малчид шилжилт хөдөлгөөн хийхдээ малын эмчид малаа шалгуулж, вакцинд хамруулж, ямар нутаг дэвсгэрт очих гэж байна, тэр нутгийхаа малын эмчид урьдчилж мэдэгдэх, тухайн орон нутагт гарч байсан өвчин халдварыг судлах, асуух  зэрэг арга хэмжээг авч сурвал малын халдварт өвчин гарахаас сэргийлж чадна. Үүнийг манай малчид зуршил болгож сураагүйгээс хонины цэцэг өвчнийг Архангай аймгийн Өгийнуур сумын малчин манай аймгийн Могод суманд отроор ирж суурьшиж байгаад дэгдээлээ. Энэ нь аймгийн нэр хүнд цаашлаад мал махны бизнес, малчдын эдийн засгийн амжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Судлаад үзэхэд Өгийнуур сумын тус өвчин тээж ирсэн мал намрын 8 сараас эхлэн халдвар тээж эхэлсэн байгаа юм. Тиймээс шилжилт хөдөлгөөнийг хийхдээ анхаарч баймаар байна" гэсэн мэдээллийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Л.Цэнгэлмаа өглөө.

                                                                                                                                                                                 П.Батням

Related news