Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт орон тоо нэмэх шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-19 18:52:41

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 1 сувилагч 2-3 хүний ажлыг давхар гүйцэтгэж байна. 2013 онд баталсан нэгдсэн эмнэлгийн MNS 5095 стандартын дагуу 600 орчим эмч сувилагч ажиллах ёстой боловч өнөөдрийн байдлаар 240 хүний орон тоотой ажиллаж байна.

Эдгээр хүмүүсийн 114 нь "Сувилахуйн алба"-нд харьяалагддаг бөгөөд нэг хүн өдөрт найман цаг ажиллах ёстой байдаг бол эдний эмч сувилагч нар 10-12 цаг ажилладаг. Түүнээс ч илүү олон цагаар ажилладаг байна. Мөн туслах сувилагч, сувилахуйн арга зүйч  гэж байх ёстой боловч мөн л тэдгээр орон тоо байдаггүй. Жил жилийн удирдлагуудад орон тоо нэмэх хүсэлт гаргахад цалингийн төсөв санхүү байхгүй гэсэн хариултыг бүгд өгдөг. Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Сувилахуйн албаны дарга Д.Отгонсүрэн мэдээллийг өглөө.

Мөн  "Санаагаар болдог бол ирэх 2017 онд тасагт нэг1 биш юмаа гэхэд хоёр тасгийн дунд нэг туслах сувилагчийн орон тоо батлаасай, сувилагчийн тоо нэмэгдэж байж тусламж үйлчилгээний чанар сайжирна шүү дээ. Манай сувилагч нар сувилгааны түүх, тандалтын хуудас, ээлж хүлээлцэх дэвтэр, халууны дэвтэр зэрэг 20-оод төрлийн анхан шатны маягтыг хөтлөдөг. Энэ нь хүн харахад илүү юм шиг боловч судалгаа шинжилгээ, дүгнэлт өвчний илрэл эдгэрэлтийг шинжлэхэд маш их ач холбогдолтой зүйлс байдаг" гэж ярилаа.

                                                                                                                                                                                    П.Батням

Related news