2 жилийн дараа Спортын ордон ашиглалтад дахин орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Спортын ордонд үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна.
2011 онд 1 тэрбум 400 орчим сая төгрөгөөр босч байсан тус Спортын ордон зун болохоор борооны ус нэвт гоожиж, өвөлдөө тэрхүү шүүрэн шанага шиг болсон дээврээрээ дулаан алдаж дотор нь ямар ч бэлтгэл, уралдаан тэмцээн зохион байгуулах боломж бүрдэхээ болиод байна. П.Мэндбаяр захиралтай "Авзага трейд" ХХК Спортын ордныг барьж улсын комисст хүлээлгэн өгч байсан бөгөөд, чанаргүй барилга хүлээн авсан улсын комисс хариуцлага хүлээх үү, П.Мэндбаяр хариуцлага хүлээх үү гэдэг нь тодорхойгүй байна. Барилгын ажлыг гүйцэтгэгч компани руу орон нутгийн зүгээс албан бичиг хүргүүлэхэд нааштай хариу өгөөгүй байна. Тиймээс ирэх 2017 онд Спортын ордны барилгын засварын зураг төсвийг хийлгэж, 2018 оны төсөвт засварын ажлыг хийх төсвийг суулгаснаар тус спортын ордон ашиглалтад орно. Өөрөөр хэлбэл 2 жилийн дараа Спортын ордонг ашиглаж болох нь ээ.
П.Батням