Регистрийн бүртгэлд суурилсан тооллого зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 11:52:13

Монгол Улсын Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллого нь бүртгэл буюу регистрт суурилсан байдлаар энэ оны сүүлийн хагас жилд явагдаж байна.

Өмнөх тооллогууд, тухайлбал Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллого нь улс орон даяар олон мянган тоологч, шалгагч нар 7 хоногийн хугацаанд өрх бүрээр орж мэдээлэл цуглуулах зарчмаар явагдаж байжээ. Харин энэ удаагийн хүн ам, орон сууцны тооллого нь хүн амын регистрийн бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулагдаж байгаа аж. Энэ тооллогын онцлог нь 2015 оны сүүлийн хагас жил буюу бүтэн 6 сарын хугацаанд явагдаж байгаа бөгөөд, тооллогын гэрээт ажилтнууд, багийн засаг дарга, нийгмийн ажилтнууд хариуцсан багийнхаа өрхүүдээр орж иргэдийнхээ бүртгэлийг хийж, баяжуулж байгаа гэнэ. Мөн нөгөө талаас иргэд өөрсдийнхөө мэдээллийг интернет ашиглан цахим хуудсаар шалгаж, шаардлагатай бол засварлах, байхгүй бол оршин сууж буй багийн ажилтнууддаа мэдэгдэж тооллогод хамрагдах боломжтой юм байна.

Түүнчлэн гадаадад байнга буюу 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэд ч цахим хуудсаар орж тооллогодоо хамрагдаж болох гэнэ. Иргэдийн хамгийн их анхаарал татсан "Сонирхолтой статистик”-ийн хүрээнд гаргаж байгаа энэхүү мэдээлэл нь “Хүн ам, өрхийн мэдээллийн сан"-д тулгуурлан хийж байгаа тооцоолол ажээ. “Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллого" нь энэ оны 12-р сар дуустал явагдах юм байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news