ХБК-ийг Хөгжмийн их сургууль болоход ОХУ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-12-07 14:24:17

БСШУС-ын сайд Ж.Батсууриар ахлуулсан төлөөлөгчид өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 02-ны хооронд ОХУ-д ажлын айлчлал хийж, тус улсын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарт хамтын ажиллагааны гэрээ байгуулснаа өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулав. 

Айлчлалын хүрээнд ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединский, ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны сайд О.Ю.Васильева, ОХУ-ын Спортын сайд П.А.Колобков нартай уулзан, хоёр улсын соёл, боловсрол, биеийн тамир спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

ХБК-ийг Хөгжмийн их сургууль болгон өргөжүүлнэ

2017 онд 80 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Монгол Улсын ХБК-ийг Хөгжмийн их сургууль болгон өргөжүүлэхэд ОХУ-аас санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. ОХУ-ын Хөгжмийн их сургуулийн багш, удирдлагууд ирэх хоёрдугаар сард Монголд ирж, тус сургуулийг их сургууль болгоход ямар хөгжмийн зэмсэг, материаллаг бааз хэрэгтэй талаар судлах юм. Мөн Монгол, Оросын хамтарсан ажлын хэсэг сургалтын хөтөлбөрийг нь их сургуулийнх болгож өөрчлөх ажээ. Монгол Улсад хөгжмийн чиглэлээр тусгайлан дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг их сургууль байдаггүй.

2017 онд хоёр улсын кино өдрүүд, сонгодог хөгжмийн тоглолт, соёлын өдрүүд, ОХУ-ын Төв номын сан Монгол Улсын Төв номын сан хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.

ОХУ-ын өндөр зэрэглэлийн тамирчдыг манай улсад гэрээгээр ажиллуулна

Хоёр улсын спортын салбарт хамтран ажиллах санамж бичгийг 2017 оны долдугаар сард байгуулахаар болов. Хоёр улсын үндэсний шигшээ багуудын хамтарсан бэлтгэл цугларалтыг 2018 оноос ээлжлэн зохион байгуулах, ОХУ-ын өндөр зэрэглэлийн тамирчдыг манай улсад гэрээгээр ажиллуулах, ОХУ-д өвлийн болон багийн спортын дасгалжуулагчаар сургах оюутны тоог нэмэх, 2020 онд “Азийн спортын наадам”-ыг Монгол Улсад зохион байгуулах, ивээн тэтгэгч олж өгөхөд дэмжлэг үзүүлэхээр амлажээ.

ОХУ-д 433 оюутан тэтгэлгээр сургана

2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 433 хүүхдийг тэтгэлгээр сургахаар болов. Монголоос жилд ойролцоогоор 330 гаруй хүүхэд ОХУ-ын их, дээд сургуульд суралцахаар элсэлтийн шалгалт өгдөг. Одоогоор тус улсад 1500 гаруй монгол оюутан дээд боловсрол эзэмшихээр сурч байна. Удахгүй БСШУСЯ-наас ОХУ-ын Засгийн газарт хичнээн хүүхдийг ямар, ямар салбарын мэргэжлээр сургах тухай захиалгаа явуулах аж.

Монгол Улсад ОХУ-ын сургалтын хөтөлбөрөөр ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх сургууль, Плехановын нэрэмжит сургууль, Эрдэнэтийн сургууль, Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургууль тус тус сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр сургуульд суралцаж буй хүүхдүүд ОХУ-ын ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрөөр хичээллэдэг. Тиймээс ОХУ-ын элсэлтийн шалгалт өгч бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ авдаг.  ОХУ-ын ерөнхий шалгалтыг Монголд авдаггүй учир эцэг эхчүүд хүүхдээ дагуулан хамгийн наад зах нь Улаан-Үдэд очиж өндөр зардлаар шалгалт өгдөг байсан. Энэ шалгалтыг Улаанбаатар хотод авдаг болох саналыг эцэг эхчүүд хүсэлт тавьдаг байсан. Тиймээс энэ жилээс эхлэн төгсөлтийн ерөнхий шалгалт авах анги танхимыг МУБИС-д байгуулан, ОХУ-аас мэргэжлийн хүмүүс ирж ЭЕШ зохион байгуулахаар болжээ. Төгсөгчдийн ерөнхий шалгалтын дүнг үндэслэн ОХУ-ын их, дээд сургуульд үнэгүй суралцуулах юм. Нийт 100 гаруй төгсөгчийг сургах аж.

Шинжлэх ухааны салбарт хамтарсан төслүүд хэрэгжүүлнэ

БСШУЯ, ОХУ-ын Суурь судалгааны сангийн хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, биоанагаах, газрын тухай шинжлэх ухаан, газар зүй зэрэг тэргүүлэх чиглэлээр хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр боллоо. Хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан Олон улсын хурал зохион байгуулах, хоёр улсын ШУА-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, палеонтологи, геологи, биологийн хамтарсан экспедицийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, залуу судлаачдыг ОХУ-ын ШУА-ийн хүрээлэнгүүдэд судалгаа хийх, дадлагажуулах, сургалтад хамруулах аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

 

Related news