Б.Чагцалням: Төр засаг сайн дэмжвэл ХБИ маань нийгэмших боломж бүрдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Хараагүйчүүдийн холбооны тэргүүн Б.Чагцалнямтай ярилцлаа.
-Эхлээд холбооныхоо талаар танилцуулна уу? Ямар ямар гол ажил зохион байгуулж явуулж байна?
-Манай холбооны ажил 2009 оноос тогтмолжиж эхэлсэн. Намайг анх ажил авч байхад аймгийн хэмжээнд тогтмол эмчийн хяналтад байдаг бүртгэлтэй харааны бэрхшээлтэй 30 орчим хүн л байсан. Тиймээс бид Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо, аймгийн НХҮХ зэрэг байгууллагуудтай хамтарч шинэчилсэн судалгааг гаргасан. Уг судалгаагаар 500 гаруй харааны бэрхшээлтэй иргэд бүртгэгдсэн юм. Үүнээс 16-аас доош насны 62 хүүхэд, 17-55 насны халамжаас тэтгэмж, нийгмийн даатгалаас групп авдаг 232, ахмад настан 210 гаруй хүн болж эдгээр хүмүүс нүдний эмчийн байнгын хяналтад байдаг учраас бүгд нийгэмлэгтээ бүрэн хамрагдсан гэж үздэг.
-Тухайн хүнийг ямар шалгуураар харааны бэрхшээлтэй гэж үздэг вэ?. Нүдний хараа суларч гол шалтгаан нь юу байна вэ?
-Энэ нь 5 эсвэл +5 ба түүнээс дээш харааны шил зүүдэг хүн харааны бэрхшээлтэйд тооцогддог. Түүнээс доогуур заасан ч тэр хүн ямар нэгэн байдлаар харах чадвараа алдаж байна гэсэн үг. Арван жилийн өмнөх судалгааг харж байхад төрөлхийн, өвчний улмаас хараа мууддаг байсан бол сүүлийн жилүүдэд нүдний дасгал хөдөлгөөнийг зөв хийгээгүй, нүдээ хайрлаагүйгээс хараа муудаж бүр хараагүй болж байгаа нь технологийн хөгжилтэй ихээхэн хамааралтай. Манай аймагт харааны бэрхшээлтэй 62 хүүхэд байдгийн 20 гаруй хувь нь дэлгэцийн донтолт өвчнөөс болж нүдээ гэмтээсэн байх жишээтэй. Дөчөөс дээш насныхны хувьд чихрийн шижин, даралт ихсэх өвчний улмаас харааны бэрхшээлтэй тулгардаг. Мөн насны доройтлоор харааны бэрхшээлтэй ахмадуудын маань тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс хүүхэд залуус маань эртнээс л нүдээ хайрлаж хараа суларахаас урьдчилан сэргийлэх ёстой гэдгийг хэлмээр байна.
-Хараагүйчүүдийн Нийгэмлэгээс гишүүдээ мэргэшил олгох сургалтад хамруулдаг гэж байсан. Сургалтад хамрагдсан хүмүүс ажлын байртай болж чадсан уу?
-Манайх хараагүйчүүдэд чиглэсэн эрүүл мэндийн сургалтуудыг зохион байгуулдаг. Харааны бэрхшээлээс шалтгаалж цөөнгүй нь төмс арилгах, аяга угаахыг ч чаддаггүй болохоор ялангуяа эмэгтэйчүүддээ ахуйн сургалт болон “Амьдралын зөв адал хэвшилд алхам алхмаар” сэдэвт сургалтуудыг үе шаттайгаар явуулдаг. Мөн Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо маань дэргэдээ “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-тэй болсон. Түүний үр дүн нь сүүлийн хоёр жилд хөдөө орон нутагт ихээхэн мэдрэгдэж байгаа. Тухайлбал манай аймгаас бариа заслын сургалтад таван хүн хамрагдаж төгссөн бол одоо эмчилгээний анги болон компьютерын хоёр жилийн сургалтад тус бүр нэг хүн суралцаж байна. Бариа заслаар төгссөн таван хүний дөрөв нь хувийн байгууллагуудад түрээс төлөх эсвэл цалинжих хэлбэрээр ажлын байртай болсон.Тухайлбал “Компорт зочид буудал”-ын захиргаа Ш.Мөнхбаярт ажлын байр гаргаж өгсөн бол Л.Мижиддорж, Ц.Булган нар “Скай зочид буудал”-д бариа засалчаар ажиллаж байна. Гэхдээ манай аймагт хараагүй бариа засалч дэлгэрээгүй учраас хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Хэвлэл мэдээллээр сурталчлах гэхээр бид халамжийн 216 мянган төгрөг авдаг болохоор сурталчилгаа хийж олонд таниулах боломж хомс байдаг.
-Хараагүй хүмүүс бариа засалчаар ажиллаж байсан туршлага байгаагүй болохоор хүмүүс сайн мэдэхгүй байх. Ийм хүмүүс энэ чиглэлээр ажиллахын онцлог нь юу байх вэ?
-Мэдээж мэдрэмж илүү байдаг, жишээ нь сул хараатай бүрэн хараагүй хоёр хүнийг зэрэг сургахад бүрэн хараагүй хүн нь түрүүлж тэр мэдлэгийг эзэмшиж чадсан байдаг. Учир нь хараагүй хүний чадвар гар нь байдаг ч гэж багш нар үздэг юм. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Best massaj”-н төвүүдэд МХҮХ-ны “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-ийг төгсөгчид ажилладаг бусад массажны төвүүдтэй харьцуулахад үнийн хувьд хямд байдаг.
-Брайль бичгийн боловсролыг гишүүддээ олгох талаар хэрхэн ажиллаж байна вэ?
-Манай аймагт брайль бичгийн боловсролтой хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс өнгөрсөн жил бид МХҮХ-нд хүсэлт тавьж брайль бичгийн багшаа сургаж авсан. 2010 онд аймгийн Засаг даргын дэмжиж аймгийн ЗДТГ-аас санхүүжилтийг нь гаргаж 10 хүнийг брайль бичгийн анхан шатны сургалтад хамруулсан. Л.Мижиддорж багш маань тэдгээр хүмүүст зориулж гүнзгийрүүлсэн сургалтыг явуулж эхэлсэн. Мөн бусад гишүүддээ хуваарь гаргаж брайль бичгээ захаар төлөвлөсөн. Ингэснээр гишүүд маань тоо, үсэг сурахаас гадна манай нөхцөлд цахилгаан шатны товчлуур, авто машины хаалганы бариул, мөнгөний автомат машин зэргийг хурууныхаа өндгөөр мэдрэх боломжтой болж байна. Мөн цагаан таягаа хэрхэн эзэмших тухай “Орон зайн чиг баримжааны багш”-ийг бэлтгэсэн. Энэ хоёр багш 22 хоногт хоёр хүн сургадаг хөтөлбөртэй сургали эрхэлдэг. Дарханд цагаан таяг барьж яваа хүмүүс Улаанбатар хоттой харьцуулахад бага байдаг. Энэ нь цагаан таягаа эзэмшээгүйтэй холбоотой. Энэ сургалтаар гэрээсээ Хараагүйчүүдийн нийгэмлэг, нийгэмлэгээсээ эмчийн өрөө, банк орох зэрэг гэрээсээ гараад явах гол гол чиглэлийг яг тухайн обьектуудад таягийг нь бариулаад заадаг байгаа. Үүний үр дүнд хүмүүс маань цагаан таяг маш хэрэгтэйг ойлгодог болсон.
-Хараагүй иргэд зориулсан халамжийн хуулийн хэрэгжилт ямар байдаг вэ?
-Уг хуулийн үндэслэлийг зөв ойлгож харааны чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан Харааны бэрхшээлтэй хүн харилцаа холбоо, түлээ нүүрсний хөнгөлөлтөд хамрагдана, 80 дээш хувьтай бол асаргаанд хамрагдах зэрэг ангилалтай байдаг. Эдгээр үндэслэлээ зөв ойлгоогүйгээс нэг хууль сонсвол нийт харааны бэрхшээлтэй хүмүүст хамааралтай юм шиг ойлгож барьцах тохиолдол цөөнгүй гардаг. Түүнчлэн Халамжийн хуульд зааж өгсөн ахмадуудын эрх их зөрчигддөг. Жишээ нь жилд нэг удаа олгогддог түлээ нүүрсний хөнгөлөлтөд бүрэн хараагүй, хэлгүй, сонсголгүй, одой иргэд хамрагдана гэж заасан. Гэтэл бүрэн хараагүй ахмадууд маань бүрэн хараагүй гэсэн халамжийн хуулиндаа хамрагдах уу, ахмадын хуулиндаа хамрагдах ёстой юм уу гээд маргаантай асуудал гарч эрх нь зөрчигдөөд байдаг.
-Орон нутгийн Засаг захиргаа хараагүй иргэдэд хэр зэрэг туслаж дэмждэг вэ? Хамгийн их туслаж дэмжсэн жишээ хэлнэ үү?
-Аймгийн удирдлагууд бидэнд байнга тусладаг. Мөн аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэлийн дэмжлэгээр бид Эрүүл Мэндийн газарт байрлаж сургалт мэдээллээ гишүүддээ тогтмол хүргэдэг болсон. Аймгийн Засаг даргад хандсанаар орон нутгийн телевизүүдээр цаг агаарын мэдээг уншдаг болсонд бид маш их талархаж байна. Цаашид мэргэшүүлэх сургалтад хамрагдаад ирсэн хүмүүсээ ажилтай болгох шаардлагатай. Мөн хараагүй иргэд цагаан таягаа бариад явах орчин нөхцөл манайд дутагдалтай байдаг. Олон улсын стандартад явган хүнд зориулсан зам тавихдаа гол хэсэгт шар өнгөөр хараагүй иргэдэд зориулсан товгор шулуун хавтанг суурилуулдаг. Энэ товгор нь бөөрөнхий хэлбэртэй бол урд нь ямар нэг саад байгааг буюу уг зам дуусгавар болж байгааг мэдэхэд нь зориулагдсан байдаг. Гэтэл манай аймагт Дархан сумын ЗДТГ-ын үүд хэсэг, 16 давхрын урд хэсэгт л байдаг. Иймд холбогдох албаныхан цаашид ХБИ-д зориулсан орчин нөхцөлийг сайжруулахад анхаараасай гэж хүсч байна.
-Харааны бэрхшээлтэй хүмүүс урлагийн авъяастай байдаг. Танайх дэргэдээ нэг хамтлагтай гэж сонссон?
-Нийгэмлэг маань дэргэдээ “Цагаан шөнө” гэдэг хамтлагтай. Хамтлаг маань хөгжимгүй учраас ямар нэгэн тоглолт хийхэд хүнээс хөгжим гуйж түрээслэх болдог. Тиймээс ирэх онд бид энэ хамтлагаа хөгжимтэй болгох зорилго тавьсан. Хөгжимтэй болчихвол цаашдаа манайхан Дархандаа төдийгүй өөр аймаг, орон нутгаар тоглолт хийхийг хүсч байгаа. Энэ зорилгоо ажил болгохын тулд бид Олон улсын байгууллагад төсөл бичсэн. Төсөл маань дэмжлэг авбал хамтлагийн найман хүний амьдралд өгөөжөө өгнө шүү дээ. Энэ мэтээр бид өөрсдийнхөө хөдөлмөрөөр холбоондоо тодорхой хэмжээний бичиг цаасны ч болов төсөвтэй болох зорилготой байна. Сүүлийн жилүүдэд төр засаг биднийг сонсож дэмждэг болсон. Тиймээс төр, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа уялдаж ХБИ маань нийгэмших томоохон гарц болно гэдгийг хэлэх байна.
Б.Норовсамбуу