Шинэ хууль мөрдсөнөөр аж ахуйн нэгжүүдийн ачаалал багасна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 18:25:30

Ховд аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн А.Оюундэлгэртэй уулзаж 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс  мөрдөх  Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийн   дагаж мөрдөх журам,татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар аж ахуйн нэгжүүдэд ямар өөрчлөлт гарах таухй тодруулж ярилцав.

-ЖДААН-ийн олон улсын стандартын сургалт хэр үр дүнтэй гэж та үзэж байна вэ?

-Манай аймгийн ЗДТГ-ыг санхүү төрийн сангийн хэлтэс, Сангийн яамтай хамтран ЖДААН-ийн санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, шинэчлэн батлагдсан НББ-ийн болон аудитын хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгууллаа.

Эдгээр хууль нь 2016 оны 1-р сарын 1-нээс мөрдөгдөх учраас энэ хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бүх сумдын болон албан байгууллагуудын нягтлангуудад нэг бүрчлэн тайлбарлан таниулсан үр өгөөжтэй сургалт боллоо.

-Манай аймагт хичнээн аж ахуйн нэгж тайлан гаргадаг вэ, та нарт зориулсан сургалт юугаараа онцлог юм бэ?

-Манай аймгийн хувьд тайлан гаргадаг 1500 гаруй аж ахуйн нэгж байгаа боловч эндээс санхүүгийн тайландаа ЖДААН-ийн санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг хэрэгжүүлэх нь цөөхөн байдаг. Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, Хадгаламж зээлийн Хоршоо, Даатгалын салбар, Брокер диллерийн компани, банкны зээл авах гэж байгаа байгууллагуудаас бусад нь энэхүү олон улсын стандартыг дагаж мөрдөх юм.

-Олон улсын стандартыг мөрдөнө гэдэг нь ямар зарчмаар ажиллана гэсэн үг вэ?

-НББ-ийн хуульд зааснаар НББ-ийн олон улсын стандарт, улсын секторийн олон улсын стандарт, ЖДААН-ийн олон улсын стандартыг мөрдөнө. Эндээс НББ-ийн олон улсын стандартыг зөвхөн нийтийн ашиг сонирхлын байгууллагууд, харин бусад нь ЖДААН-ийн олон улсын стандартыг дагаж мөрдөнө. Өмнө нь бид аудитын хуулийн дагуу нийт хөрөнгө нь 50 саяас дээш бол заавал аудитын шалгалтанд орохыг шаарддаг байсан. Харин одоо бол зөвхөн НББ-ийн олон улсын стандартыг дагаж мөрдөж байгаа байгууллагуудыг л аудитаар орохыг шаардана. Ингэснээрээ аж ахуйн нэгжүүдийн ачааллыг багасгаж өгч байна. Манайх жилдээ 170 орчим байгууллага аудитаар ордог байсан бол шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээрээ энэ тоо нэлээд багасах юм. Манай аймагт гэхэд брокер диллерийн компани ганц, Хадгаламж зээлийн хоршоо ганц байх жишээтэй. Тэгэхээр энэ татвар төлөгчдийн ачаалал нилээд багасах юм. Өмнө нь бид улирал  бүр санхүүгийн тайлан сар бүр авдаг байсан бол ЖДААН-ийн олон улсын стандартыг дагаж мөрдөж байгаа байгууллагаас жилдээ л нэг авна. Ийнхүү шинэ хуулиар жилдээ ганц тайлан авдаг болоод байхад хугацаандаа тайлангаа өгөөгүй аж ахуйн нэгжид хариуцлага тооцох болно. Хариуцлагын хэмжээ хуулиндаа өндөр тавигдсан бий.

-Дээрх  сургалтанд ямар мэргэжлийн хүмүүс зонхилж оролцсон бэ?

-Манай аймгийн албан ёсны нягтлан бодогчийн орон тоотой бүх албан байгууллагууд болон сумдын нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууд хамрагдсан. Дээр нь ААН-ийн тайлан авахад хяналт тавьдаг манай хэлтсийн мэргэжилтнүүд хамрагдсан. Нийт 110 хүн уг нь хамрагдах ёстой. Гэтэл шинэчилсэн  хууль батлагдсантайгаар холбоотой  аймгийн ААНБ-уудын захирал, менежер гээд 300 гаруй хүн хамрагдлаа.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бас энэ сургалтан дээр яригдсан. Энэ тухайд?

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь богино хугацаанд хэрэгжих хууль. 2015 12 дугаар  сарын 31-ний 12 цагт дуусгавар болох юм. Тиймээс татвар төлөгчид болон ААНБ-ууд нуусан татвар, хөрөнгөө ил болгож, бүртгүүлэх юм. Ингэснээр тэдгээр иргэд болон ААНБ-уудад ямар нэгэн татварын дарамт байхгүй. Өөрөөр хэлбэл ААНБ-ийн 2015 оны 3-р сарын 1-нээс өмнөх бүх санхүүгийн тайланд засвар орох юм. Энэхүү засвар орсон тайлангаа цаасан хэлбэрээр авч ирж өгснөөр шаардлага хангасан тохиолдолд бид бүхэн баталгаажуулах болно.

-НББ-ийн шинэчилсэн хуулинд нягтлан бодогч нарын эрх үүрэг ямар байхаар тусгагдсан бэ?

-НББ-ийн шинэчилсэн найруулгад ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэг маш тод тусгагдаж өгсөн. Аж ахуйн нэгж байгууллага заавал мэргэжлийн буюу мэргэшсэн нягтлан бодогчтой байх шаардлагатай гэж тусгасан.

Хэрэв тухайн байгууллагад нягтлан бодогчийн орон тоо байхгүй бол мэргэжлийн нягтлан бодогчийг гэрээгээр ажиллуулж болно. Ийм тохиолдолд тухайн нягтлан бодогч ерөнхий нягтлан бодогчийн эрх үүргийг эдлэх болно. Бас санхүүгийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулийн сургалтанд хяналт тавих чиг үүрэг Сангийн яамнаас ирсэн  гэх мэт өмнөх хуулиас нилээд олон өөрчлөлт орсон.

-Сургалтанд оролцогчид гэрчилгээ олгоод байсан энэ ямар давуу талтай вэ?

-Сангийн яамнаас Дэлхийн банкны төсөлтэй хамтран энэхүү сургалтыг зөвхөн Ховд, Дорнод гэсэн хоёр аймагт зохион байгуулсан. Мөн дээр нь энэ сургалт шинэчилсэн хоёр хууль  батлагдсан их боломжтой үед буюу энэ хоёр хуулийн талаар хамгийн анхны сургалт манай аймагт болж байна. Ийм сургалт тэр болоод байдаггүй учраас Сангийн яам болон манай хэлтэс хамтран хамрагдсан хүмүүсээс шалгалт авч, тэнцсэн хүмүүст энэхүү сертификатыг олгосон.

А.Бямбасүрэн

Related news