Оройн зоогийн үеэрх буудалцаан Трампын аюулгүй байдалд эргэлзээ төрүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.enkh-od@montsame.gov.mn
2026-04-27 12:03:11

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Reuters/. Бямба гаргийн орой Цагаан ордны сурвалжлагчдын холбооны оройн зоогийн үеэр АНУ-ын Нууц албаны ажилтан буудуулсан хэрэг гарсан нь улс төрийн хүчирхийлэл газар авч буй энэ үед тус улсын удирдагчдын аюулгүй байдалд дахин эргэлзээ төрүүллээ.


Үрлэн сумт буу болон бусад зэвсгээр зэвсэглэсэн сэжигтэн Засгийн газрын гишүүд, өндөр албан тушаалтнууд болон алдартнууд цугласан Вашингтоны зочид буудлын дээд давхрын хүлээн авалтын танхимд нэвтэрч чадсан байна.


Хууль сахиулах байгууллагынхан аюулгүй байдлыг хангах явцад ямар нэгэн алдаа дутагдал гарсан эсэхийг одоогоор эцэслэн дүгнэхэд эрт байна. 


Гэвч 2024 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Д.Трампын амь насанд халдахыг завдсан хоёр удаагийн тохиолдлоос хойш хоёр жил хүрэхгүй хугацааны дараа болсон энэхүү хэрэг нь тус улсын аюулгүй байдлын хамгийн чанд системд сул тал байгааг харууллаа.


Вашингтон хотын цагдаагийн газрын даргын мэдээлснээр, үрлэн сумт буу, гар буу болон хутгаар зэвсэглэсэн сэжигтэн нь оройн зоог болсон "Washington Hilton" зочид буудалд байрлаж байжээ.


Хяналтын камерын бичлэгээс үзэхэд зэвсэгт этгээд хамгаалалтын хяналтын цэгээр дайран өнгөрч, коридороор гүйж яваа нь харагдах бөгөөд тэрээр Нууц албаны ажилтан руу гал нээснийхээ дараа баривчлагдсан байна.


Хэрэг гарах үед Нууц албаны ажилтнууд Д.Трамп, Жэй Ди Вэнс нарыг гол ширээнээс шуурхай холдуулж, танхимаас гаргажээ. Харин танхимд сэтгүүлчид болон бусад зочидтой хамт байсан Засгийн газрын гишүүдийн бие хамгаалагчид өөр өөрөөр байдлаар арга хэмжээ авсан байна.


Тухайлбал, Марко Рубио, Скотт Бессент, Дуг Бургум нарын бие хамгаалагчид тэднийг шууд газар хэвтүүлэн, биеэрээ халхавчлан хамгаалжээ.


Нууц албаныхан нөхцөл байдлыг үнэлсний үндсэн дээр арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж дүгнэсэн хэмээн Д.Трамп хэрэг явдал болсноос хойш хэсэг хугацааны сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Related news